ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС, ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАТАЙ ХАМТРАН “ЭРСДЭЛГҮЙ–ИРЭЭДҮЙ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЭЭ
Нийслэлийн төвийн 6 дүүрэгт өдөрт хүүхэд зам тээврийн осолд өртсөн талаарх 10-15 дуудлагыг цагдаагийн байгууллага хүлээж авдаг байна.
Үүнээс 75% нь сургууль орчмын бүсэд, 69% нь харгалзах хүнгүйгээр зам хөндлөн гарах үедээ осолд өртсөн байна.
Зам тээврийн ослын улмаас хохирсон хүүхдүүдийг насны ангиллаар нь үзвэл 62,2%-г 10-с дээш насныхан, 29%-г 5-9 нас, 8,8%-г 5 ХҮРТЭЛХ насны хүүхдүүд эзэлж байна.
Жолооч замын хөдөлгөөнд бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй оролцох, болгоомж, сонор сэрэмж алдах, хурд хэтрүүлэх зэрэг шалтгааны улмаас зам тээврийн осолд хүүхэд өртсөн тоо өсөж байна.
Нөгөөтэйгүүр хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн өмнүүр гэнэт явах, гүйх нь цөөнгүй. Мөн аливаа нөхцөл байдалд дуут дохио хэрэглэх нь явган зорчигч тэр тусмаа хүүхдийг сандралд оруулж, тааварлашгүй огцом үйлдэл гаргах нөхцөлийг бүрдүүлдэг байна.
Иймд хүүхэд зам хөндлөн гарч байгаа тохиолдолд зам тавьж өгөн болзошгүй эрсдэл гарахаас сэргийлж, тайван байдлыг алдагдуулахгүй байх хэрэгтэй.
Тээврийн прокурорын газраас, Тээврийн цагдаагийн алба хамтран тус аяны хүрээнд:
- Ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилчин, сурагч нарт урьдчилан сэргийлэх сургалт хийж сургууль орчмын бүсийн эрсдэлийн судалгааг гаргах
- Зорчих хэсэг дээр зогсохыг хориглосон цагийн хязгаарлалт бүхий тэмдэг байршуулах
- Замтай ойр, эрсдэл өндөртэй Ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдалыг ханган ерөнхий шаардлагын дагуу тохижуулах зэрэг ажлыг хийх юм.