ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА ХААН БАНКТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ "1000-0" АЯНЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Сүүлийн таван жилийн судалгаагаар Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 25 мянган зам тээврийн осол бүртгэгдэж, 500 хүн нас барж, 3400 хүн гэмтэж бэртэн, 1000 гаруй хүүхэд зам тээврийн осолд өртдөг гэх тоо бий. Он гарсаар эхний улиралд 7275 зам тээврийн осол бүртгэгдэж, 507 хүн гэмтэж, 77 хүн амь насаа алдсаны долоо нь хүүхэд байв.
ХААН Банк “Сигначер” харилцагчдынхаа оролцоо, дэмжлэгтэйгээр хамтдаа бүтээх сайн үйлсийн хүрээнд хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, осолд өртөж буй хүүхдүүдийн тоог 1000-аас 0 болгон бууруулах зорилгоор “1000-0” аяныг хоёр дахь жилдээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Дунд сургуулийн сурагчид зорчих хэсгийн гарц гарамтай хэсгээр зам хөндлөн гарахгүй байх, асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцох, ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гүйх зэргээс болж зам тээврийн осолд ихээхэн өртөж хохирдог байна.
Тиймээс уг аяны хүрээнд өнгөрсөн жил нийслэлийн ерөнхий боловсролын 5 сургуулийн ойр орчимд хурд сааруулагч, замын тэмдэг тэмдэглээ байршуулсан бол энэ жил замын хөдөлгөөнд аюулгүй оролцох нөлөөллийн кампанит ажил өрнүүлж, цуврал видео контентууд бэлтгэн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд түгээхээр төлөвлөөд буй. Энэ ажлын эхлэл болгож Тээврийн цагдаагийн газартай хамтран нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуулийн 1500 гаруй сурагчид зам тээврийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөгөө өгснөөс гадна хүүхэд бүрт цүнхэндээ тогтоох цацруулагч бэлэглэсэн юм.
“1000-0” аяныг цаашид жил болгон хэрэгжүүлж, хүүхдүүдийг зам тээврийн болзошгүй ослоос сэргийлэх, ослын тоог бууруулахад бодитой хувь нэмрээ оруулахаар бид хичээн ажиллаж байна.