• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТҮҮХЭН ЗАМНАЛ

      Тээврийн цагдаагийн албаны үүсэл, хөгжил нь Монгол улсын Авто тээвэр, Цагдаагийн байгууллагын үүсэл, хөгжилтэй холбоотой юм. Хорьдугаар зууны эхэн үеэс Орос, Хятад улсаар дамжин наймаа эрхэлдэг, Монгол улсаас түүхий эд авдаг Орос, Хятад, Европ, Франц, Америкийн пүүс, хоршоодын цөөн тооны автомашин нэвтэрч байсны гадна Богд хаан, Сайн ноён хаан, Түшээ гүн Лувсан, Бэйс Лувсанцэрэн зэрэг хаад, ноёд 1-10 машинтай байсан гэх мэдээ баримт байдаг. Монгол улсад худалдаа наймааны харилцаатай гадаад орнуудын зүгээс механикжсан тээврийг нэвтрүүлэх санал тавьж, 1913 онд Чита хотод байсан Германы худалдаачин Вейнерман Нийслэл хүрээ-Хиагтын хооронд хувийн шуудан тээвэр хийж эхэлжээ.

  

          Авто хөсөг нэмэгдэж тэдгээрээс гудамж замаар эмх замбараагүй явж байгаа тухай асуудлыг Ардын засгийн газрын 1924 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 6 дугаар хурлаар хэлэлцэн “Уурын тэргийг товчлон эрхлэх газар”-ыг байгуулах, цахилгаан тэргийг хэрхэн явуулах дүрэм хэмжээг боловсруулах комиссыг томилж, мөн оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 7 дугаар хурлын тогтоолоор Цэргийн яамны дэргэд “Уурын тэргийг товчлон эрхлэх газар”-ыг байгуулснаар энэ газар нь ачаа, зорчигчдын тээврийг зохион байгуулах, автомашин, түүний хөдөлгөөнд хяналт тавих ажлыг хариуцаж байсан байна. 

       

   Ардын засгийн газрын 1924 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 6 дугаар хурлаар байгуулсан дүрэм, хэмжээ боловсруулах комисс нь тухайн үеийн төв, суурин газрын гудамж, зах зээлээр зорчиж байгаа автомашин, ердийн хөсөг, явган явагчдын хөдөлгөөнийг журамлах явдлын чухлыг харгалдан “Аливаа гал, усны уурын хүчээр явах тэрэг зэргийг БНМАУ-ын хязгаарын дотор хэрохэн хэрэглэхийн түр дүрэм”-ийн төслийг боловсруулж, Засгийн газрын 1925 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 18 дугаар хурлаар хэлэлцүүлэн батлуулсан нь өнөөгийн Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн анхдагч суурь нь болж хөгжлийн түүхэн үеүүдэд улам бүр боловсронгуй болж иржээ.

            Тус алба нь Монгол улсын хууль тогтоомж, дээд шатны байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, Цагдаагийн байгууллагаас иргэдэд үзүүлэх ажил, үйлчилгээг сайжруулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар хуульд заасан эрх, үүрэг болон “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”, “Цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандарт”-ыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

 

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА