УЛСЫН ХЭМЖЭЭНД “АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ДУГААРЫН ТЭМДЭГ” ХЭСЭГЧИЛСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АРГА ХЭМЖЭЭ ЯВАГДАЖ БАЙНА
Тээврийн цагдаагийн албанаас Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт “Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт”, Монгол Улсын “Автотээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдэг. 1-р хэсэг: Ерөнхий шаардлага” MNS 4410-1:2002, “2-p xэсэг: Ерөнхий шаардлага” MNS 4410-2:2017 стандартын хэрэгжилт, Монгол Улсад бүртгэлтэй бүх төрлийн автотээврийн хэрэгсэл /автомашин, мотоцикл, трактор, өөрөө явдаг машин механизм, чиргүүл/-д олгох улсын бүртгэлийн дугаарын ангилал, дугаарын тэмдгийн төрөл, хэлбэр, хэмжээ, өнгө, хийц болон тэдгээрт тавих техникийн шаардлага, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор улсын хэмжээнд “Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдэг” хэсэгчилсэн хяналт шалгалтыг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс энэ оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулж байна.
Дээрх арга хэмжээний хүрээнд улсын бүртгэлийн дугаар нь арилсан 1980, бүдгэрч үзэгдэх байдал нь муудсан 2820, танигдахгүй бохирдсон, эсхүл дугаарыг буруу байрлуулсан 4482, Улсын бүртгэлийн дугааргүй, эсхүл дугаараа нуун далдалсан 282 зөрчлийг илрүүлж Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгуулийн шийтгэл оногдуулсан байна.
Иймд тээврийн хэрэгслийн жолооч та өөрийн жолоодож яваа автомашины улсын бүртгэлийн дугаарын бүрэн бүтэн байдалд үзлэг, шалгалт хийж зөрчил дутагдлаа арилгаж замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.