“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ЖОЛООЧ” АРГА ХЭМЖЭЭГ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛНА
Тээврийн цагдаагийн албанаас “Хүүхдэд ээлтэй жолооч” арга хэмжээг Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зөвлөл, Эрүүл мэндийн яам, ГССҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн алба, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих, сургалт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албатай хамтран улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Аяны нээлтийг өнөөдөр /2021.05.25/ Нийслэлийн Ерөнхий боловсролын 38 дугаар дунд сургуулийн гадна талбайд зохион байгуулж, тус арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Энхбат, ГССҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн албаны дарга Б.Одгэрэл, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих, сургалт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаа, Онцгой байдлын алба хаагч нар оролцлоо.
Тус арга хэмжээний зорилго нь хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, эцэг, эх асран хамгаалагчийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, ослын хор уршгийг таниулах, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэд, олон нийтэд сурталчлах, улсын болон орон нутаг, нийслэлийн чанартай авто замуудад хүүхдийн аюулгүй тээвэрлэлт, хөдөлгөөнд оролцох соёл, дадлыг бий болгоход чиглэсэн үйл ажиллагааг явуулахад оршино