• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ "САХИЛГА, ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН" БОЛЛОО

2019-12-17
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ

Тус албаны алба хаагчдын сахилга, ёс зүйн байдалд дүн шинжилгээ хийх, сахилгын зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгах, бууруулах, зөрчил дутагдал гаргахаас урьдчилан сэргийлэх, ажлын хариуцлагыг сайжруулах зорилготой 2019 оны жилийн эцсийн “Сахилгын зөвлөгөөн”-ийг өнөөдөр /2019.12.17/ зохион байгуулав.
Зөвлөгөөнд тус албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан болон Дэд бөгөөд Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа С.Жавхлантбаатар, даргын зөвлөлийн гишүүд, алба хаагчид оролцлоо.


Зөвлөгөөний эхэнд тус албаны алба хаагчдаас 2019 онд сахилга, ёс зүйн зөрчилд холбогдсон байдлын талаар видео мэдээллийг танилцуулж, түүний дараа ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Батзориг, мөн хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа Х.Мөнх-Эрдэнэ нараас “Цагдаагийн алба хаагчидтай холбоотой сахилга, ёс зүйн зөрчлийн шалтгаан нөхцөл, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар мэдээлэл хийсэн.


Зөвлөгөөний үеэр Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан 2019 онд алба хаагчдын зүгээс сахилга, ёс зүйн зөрчилд холбогдон шалгагдахад нэгжүүдийн удирдах ажилтнуудын манлайлал, ажлын хариуцлага, алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, чадвар, хувь хүний төлөвшил, ухамсар хангалтгүй байсан зэрэг нь голлох шалтгаан байсан. Тиймээс 2020 онд сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр шат, шатандаа онцгой анхаарч, алба хаагчдын мэргэжлийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор ирэх оныг "Мэргэшүүлэх сургалтын жил" болгох зорилт дэвшүүлж байгаа талаар танилцуулж, сахилга, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр алба хаагчдад холбогдох үүрэг, ажлын чиглэл өглөө.


Сахилга, ёс зүйн зөрчил дутагдал гаргаагүй тус албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлага, мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Мөнхбатыг Цагдаагийн eрөнхий газрын даргын тушаалаар офицерын бүрэлдэхүүнд томилж, цагдаагийн дэслэгч цолоор шагнав.


Сахилгын зөвлөгөөний төгсгөлд Монголын үг урлаачдын нийгэмлэгийн гишүүн Лектор Чила алба хаагч нарт “Зөв хэвшил, хандлага II” аяны хүрээнд "Алба хаагчийн ажилдаа хандах хандлага, стрессээс хэрхэн сэргийлэх талаар" сонирхолтой лекц уншиж алба хаагчдад зөвлөгөө өгснөөр зөвлөгөөний үйл ажиллагаа өндөрлөсөн.