ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДЫН САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Тус албаны алба хаагчдын сахилга, ёс зүйн байдалд дүн шинжилгээ хийх, сахилгын зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгах, бууруулах, зөрчил дутагдал гаргахаас урьдчилан сэргийлэх, ажлын хариуцлагыг сайжруулах зорилгоор 2018 оны эхний хагас жилийн “Сахилгын зөвлөгөөн”-ийг өнөөдөр зохион байгуулав.
Зөвлөгөөнд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат, тус албаны дэд бөгөөд Нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж болон даргын зөвлөлийн гишүүд, алба хаагчид оролцлоо.
Энэ үеэр эхний хагас жилийн байдлаар алба хаагчдын сахилга, ёс зүйн талаарх мэдээллийг Захиргааны удирдлагын хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Ц.Амарбаясгалан, алба хаагчдын дунд сургалт болон сэтгэл зүйн чиглэлээр явуулсан судалгааны үр дүн, хийсэн ажлын талаарх мэдээллийг мөн хэлтсийн сэтгэл зүйч, цагдаагийн ахмад Э.Бямбажаргал нар танилцуулж, алба хаагчдын санал хүсэлтийг сонсож хариулт өгч ажиллалаа.
Мөн зөвлөгөөний төгсгөлд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат алба хаагчдад хувь хүний хариуцлагыг дээшлүүлж, төрийн албаны сахилга ёс зүйг эрхэмлэн дагаж мөрдөн, анхаарч ажиллахыг нийт албан хаагчдад уриалав.