Нэг жилийн дотор /2022/ мотоциклийн ослоор 120 хүн амиа алдаж, 2505 хүн бэртэж гэмтжээ
Сүүлийн 10 жилийн хугацаанд мотоциклийн ослоор амь насаа алдсан иргэдийн тоо 1087-д хүрчээ. Хэрэв энэ тооны хүн амьд байсан бол төдий хэмжээний гэр бол аз жаргалтай элэг бүтэн байх байлаа. Мөн өөр нэг тоон мэдээллийг энд дурдахад, 2505 иргэн мотоциклийн осолд орж хөдөлмөрийн чадвараа алдаад байна.
Хамгийн сүүлд л гэхэд Төв аймгийн Баянцагаан сумын нутагт 13 настай хүү мотоциклтой онхолдож амь насаа алдсан хэрэг гарав.
Нээрээ л бид хөдөө орон нутагт хэн нэг хамаатныдаа очиход хөл нь дөрөөндөө хүрэхгүй шахуу мотоцикл унаад хониндоо давхичихдаг жаахан хүүхдүүдийн дүр зургийг хардаг шүү дээ.
Тэгвэл үүнээс бид олон арван залуусаа мотоциклийн ослоор алдахгүйн тулд юу хийх ёстой вэ гэх асуулт урган гарна. Ингэхдээ асуудлын бурууг дан ганц Хятад мотоцикл руу түлхэж, амь насаа алдсан залуусын тоог цаашид ч тоолсоор суух уу гэдэг дээр л анхаарлаа хандуулах хэрэгтэй болж таарч байна.
Цагдаагийн байгууллагаас мотоциклийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хор уршгийг иргэдэд таниулах, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор улсын хэмжээнд “Мотоцикл”, “Хамгаалах малгайгаа тогтмол хэрэглэж хэвших” “Мотоциклын техникийн бүрэн бүтэн байдал” зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг маш сайн зохион байгуулж байна. Гэвч энэ бүхэн малчин залуусын эрүүл мэнд, амь насыг хамгаалах ТӨГС арга биш. Өөрөөр хэлбэл, залуус өөрийнхөө амийг өөрөө л хамгаална. Наанадаж л архи уусан үедээ жолоо барихгүй байвал өөрийн эрүүл мэнд, амь насаа хамгаалж, гэр бүлийнхээ элэг бүтэн авч үлдэж чадах "ТӨГС АРГА" нь болно. Мотоцикл гэх хурдан унаа таны ажлыг хөнгөвчилдөг нь мэдээж. Гэхдээ сонор сэрэмж, болгоомжтой жолоодохгүй бол эрүүл мэнд, амь насыг чинь эргэлт буцалтгүйгээр авч одох аюултайг санах хэрэгтэй.