ОРОН НУТАГТ ШИЛЖИН СУУРЬШИХ ИРГЭДЭД НЭГ УДАА НЭГ САЯ ТӨГРӨГ ОЛГОНО
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга бөгөөд сайд Ж.Сүхбаатар: "Энэхүү тогтоол батлагдсанаар Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах таатай боломжийг бий болгох, орон нутагт үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагыг бодлогоор дэмжих боломж бүрдэж байна.
Өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод Монгол улсын хүн амын 50 орчим хувь нь төвлөрч, төрийн дээд, төв байгууллагууд 100 хувь, их, дээд сургуулийн 90 хувь, худалдаа үйлчилгээний салбарын 86 хувь, аж ахуйн нэгж байгууллагын 70 орчим хувь нь байршиж байна.
Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд орон нутгаас Улаанбаатар хотод шилжин суурьших иргэдийн тоо 875 000-д хүрч, 2021 оны жилийн эцсийн байдлаар Улаанбаатар хотын хүн амын тоо 1539252 болж, хот, хөдөөгийн оршин суугчдын харьцаа тэнцэх хэмжээнд хүрээд байна.
Нийслэлийн энэ их төвлөрөл АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙН ТОМООХОН ШАЛТГААН болоод байгаа өнөөдрийн нөхцөлд хотоос хөдөө рүү чиглэх урсгалыг голчлон эдийн засгийн хөшүүргээр дэмжихэд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргаж буй тогтоол онцгой үүрэгтэй юм.
Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу шилжин суурьшиж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийг Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн дараах хөшүүргээр дэмжинэ.
-Орон нутагт анх удаа очиж байгаа гэр бүлд ипотекийн 3 хувийн зээл олгох
-Төрийн байгууллагын зарим үйлчилгээг орон нутаг руу задлах
-Төрийн захиргааны орон нутгийн албан хаагчдын цалинг 100 хүртэлх хувиар нэмэх
-Хөдөөд ажиллах аж ахуйн нэгжийн бизнесийн зээлийн хүүг нэг хувь болгох
-Орон нутагт дулаан, цахилгаан үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдэд орлого олж эхэлснээс хойш эхний 3 жил бүх төрлийн татвараас 90 хувь, дараагийн 3 жилд 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх бодлогыг хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар гаргаж тогтоолоор баталгаажууллаа.