ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АЧААНЫ АВТОМАШИНЫ ДААЦ ХЭТРҮҮЛЭХ ЗӨРЧИЛД ТАВИХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийслэл хотын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байгаа ачааны автомашины ачаа тээвэрлэлт, зам, замын байгууламжийн ашиглалт, Монгол Улсын Автотээврийн тухай, Автозамын тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм, Монгол Улсын “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2020 стандартын шаардлага хангаагүй зөрчлийг таслан зогсоох хяналт шалгалтыг Тээврийн цагдаагийн алба, Нийтийн тээврийн газар, Нийслэлийн авто замын хөгжлийн газар, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-тай хамтран энэ оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдалд хуулийн дагуу арга хэмжээ тооцох, зөрчлийг арилгах үйл ажиллагааг явуулж байна.
Иймд ачаа, тээврийн үйл ажиллагаа эрхлэгч иргэн, хуулийн этгээд та бүхэн холбогдох стандартын шаардлагыг хангуулж тээврийн хэрэгсэлд ачаагаа ачиж тээвэрлэх ёстой бөгөөд Замын хөдөлгөөний дүрэмд заасан доорх шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байх;
- Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө болон замд явахдаа ачааны татлага, бэхэлгээ, даруулга, байрлал, битүүмжлэлийг сайтар шалгаж, шаардлага хангагдаагүй тохиолдолд хөдөлгөөнөө үргэлжлүүлэхгүй байх;
- Ачааг унаж, асгарч, чирэгдэхгүй, хөдөлгөөнд оролцогчдод аюул, саад учруулахгүй
байхаар байрлуулж, шаардлагатай бол бэхэлж битүүмжилсэн байх;
- Ачааг жолоочийн харах боломжийг хязгаарлахгүй байдлаар ачих;
- Ачааг тээврийн хэрэгслийн тогтворжилтыг алдагдуулахгүй, жолоодлогыг хүндрүүлэхгүй байхаар ачих;
- Ачааг тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл ойлгуур, эргэх чиг заадаг гэрэл болон гараар өгөх дохио, улсын бүртгэлийн дугаар, таних тэмдгийг халхлахгүй байхаар ачсан байх;
- Ачааг их хэмжээний дуу чимээ, эвгүй үнэр гаргахгүй, тоос шороо босгохгүй, зам ба орчныг бохирдуулахгүй байхаар тээвэрлэх;
- Ачааг суурин газарт 22 цагаас 06 цагийн хооронд дуу чимээ гаргаж ачих, буулгахгүй байх;
- Ачаатай буюу ачаагүй өндөр нь 4 м-ээс, өргөн нь 2.5 м-ээс, урт нь 20 м-ээс, ачаа нь тээврийн хэрэгслийн овроос арагшаа 2 м-ээс илүү, мөн хоёр чиргүүлтэй, эсхүл хүнд буюу аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримталсан байх;
- Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 м, өргөөшөө 0.4 м-ээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт «Овор ихтэй ачаа» таних тэмдэг байрлуулахаас гадна харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд урд нь цагаан, ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулж тээвэрлэхэд анхаарна уу !!!
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА