• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

АЧААНЫ АВТОМАШИНД ТАВИХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

2018-03-20
АЧААНЫ АВТОМАШИНД ТАВИХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Жил бүрийн 3 дугаар сарын 20-ноос 4 дүгээр сарын 20-ны хооронд газрын хөрсний гэсэлтийн улмаас авто зам эвдрэхэд эмзэг болсон байдаг тул олон улс, улсын чанартай, тусгай зориулалтын авто замын бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах зорилгоор тухайн авто замын зөвшөөрөгдөх даацын үзүүлэлтээс хэтэрсэн буюу Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага, MNS 4595:2011 стандартын 4.8-т “Монгол улсын нутаг дэвсгэр дээр улс хоорондын болон дотоодын харилцаанд тээврийн үүрэг гүйцэтгэх автотээврийн хэрэгслийн жин, оврын зөвшөөрөгдөх дээд хэмжээ дор зааснаас илүүгүй байна” гэсэн заалтыг зөрчсөн, овор хэмжээ, даацтай тээврийн хэрэгслийг хатуу хучилттай авто замаар зорчуулахгүй хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлдэг.

Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр аймаг, дүүргийн Мэргэжлийн хяналтын алба, Автотээврийн үндэсний төвийн салбар, Автозамын асуудал хариуцсан нэгжүүдтэй хамтран 2018 оны 3 дугаар сарын 20-ноос эхлэн 1 сарын хугацаанд хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулж байна.

Иймд зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн овор, хэмжээ даацтай тээврийн хэрэгсэлтэй тогтоосон хугацаанд замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.

Мөн түүнчлэн нийслэл хотын нутаг дэвсгэрт ачааны автомашинаар барилгын материал, хог хаягдал, хөрс шороог тээвэрлэхдээ ачааны автомашины тэвшийг даац хэтрүүлэх зорилгоор үйлдвэрийн хийцийг өөрчлөн өндөрлөх, авто замаар зорчихдоо зориулалтын хучлага, бүтээлэггүй зорчих, дугуйгаа цэвэрлээгүй зорчих хэсгийг бохирдуулах, тээвэрлэж байгаа ачаагаа зам дээр асгах, контейнер тээвэрлэж байгаа ачааны автомашины тэвшний зориулалтын бэхэлгээ, түгжээг хийхгүй тээвэрлэх зэрэг зөрчлийг гаргаж байгаа тул энэ чиглэлийн зөрчлийг арилгуулж, цааш хөдөлгөөнд оролцуулах чиглэлд анхаарч ажиллана.