ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ 2023 ОНЫ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ
“Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны 2023 оны сургалт, зөвлөгөөн”-ий нээлт өнөөдөр /2023.01.19/ боллоо.
Энэ жилийн сургалт, зөвлөгөөнийг оролцоонд суурилсан арга хэлбэрээр үр дүнтэй зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд цагдаа, дотоодын цэргийн 214 удирдах албан тушаалтан танхимаар, 10.000 гаруй алба хаагч 101 байршлаас цахимаар хамрагдаж байна.
Сургалт, зөвлөгөөнийг нээж Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд үг хэлсэн үгэндээ: “Ард иргэдийнхээ аюулгүй, амар тайван амьдрах баталгааг хангах нэр хүндтэй, ариун үйлсэд хамтран зүтгэж буй цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бүх шатны удирдах ажилтан, алба хаагчид Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2022 онд дэвшүүлсэн зорилт, хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж, сүүлийн 3 жил дараалан Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг байгууллагуудаас тэргүүн байр эзэлсэн нь бүх шатны удирдах ажилтнууд болон нийт бие бүрэлдэхүүний идэвх, чармайлт, хичээл зүтгэл, оролцоо хамгийн чухал байсныг онцлох нь зүйтэй.
Өнгөрөгч 2022 онд бид цагдаа, дотоодын цэргийн байгууллагын түүхт 100, 101 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгох, бэхжүүлэх чиглэлээр бодитой олон ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.
Амжилт бүхний өмнө саад бэрхшээл байдаг. Түүнийг даван туулах чадвар бол удирдагчийн нэг чухал чанар гэдгийг энэхүү танхимд хүрэлцэн ирсэн болон цахимаар оролцож байгаа удирдах албан тушаалтнууд Та бүхнийг байнга санаж ажиллахыг хүсье.
Ингээд энэ удаагийн сургалт, зөвлөгөөн нээснийг мэдэгдэж, идэвхтэй оролцохыг уриалж байна” хэмээв.
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар