• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН “ГЕНЕРАЛ”-УУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2022-04-27
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН “ГЕНЕРАЛ”-УУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний түүхт 100 жил, Генерал цол бий болсны 78 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын генералуудад хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ өнөөдөр /2022.04.27/ боллоо.

Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд болон даргын зөвлөлийн гишүүд, Монгол Улсын гавьяат хуульч, хошууч генерал Б.Пүрэв, хошууч генерал Ч.Амарболд, Монгол Улсын гавьяат хуульч, хошууч генерал Д.Сандаг-Очир, хошууч генерал М.Ганболд, бригадын генерал Б.Билигт, бригадын генерал А.Дулаанжаргал, бригадын генерал Т.Хүрэлбаатар, бригадын генерал С.Ганбат нар оролцов.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд хэлэхдээ:

“Эрхэм хүндэт генералууд Та бүхний энэ өдрийн амрыг эрье. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас төрөн гарсан эрхэм хүндэт алтан мөрдэстнүүд Та бүхэндээ Монгол Улсад генерал цол бий болсны 78 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эх орныхоо тусгаар тогтнол, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал, ард түмнийхээ  амар амгаланг хамгаалах үйлсэд нэгэн бие амьдралаа зориулсан “Генерал цолтон”-ууд Та бүхнээрээ Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн байнга бахархсаар ирсэн билээ.

Энэ түүхэн өдрийг Монголын генералуудын өдөр болгон 17 дахь жилдээ ёслон тэмдэглэж, уламжлал ёсоор Та бүхнийгээ хүлээн авч хүндэтгэл үзүүлж байгаадаа туйлын баяртай байна.

Түүхэн цаг хугацаанд цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 17 генерал цолтон төрөн гарсан бөгөөд миний бие хамгийн отгон генерал болсондоо баяртай байгаа бөгөөд цаашид ч олон генерал төрөн гараасай гэж хүсэж байна.

Цагдаа, дотоодын цэргийн  байгууллага түүхэн цаг хугацаанд төр, засгийн бодлого шийдвэр, хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж, эх орон, ард, иргэдийн итгэл хүндэтгэлийг хүлээхэд Та бүхний үүрэг, оруулсан хувь нэмэр үлэмж их байсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Монгол Улсын цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын үйл ажиллагааг удирдаж, улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, энэ цаг үеийн түүхийг бүтээлцсэн эрхэм хүндэт генералууд Та бүхний их үйлсийг үр хойчдоо залгамжлуулан, улам нэр төртэй үргэлжлүүлэн ажиллахаа илтгэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол төрийн үе үеийн алтан мөрдэстнүүдийг маань төрийн сүлд мөнхөд ивээх болтугай!” хэмээв.

Мөн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон генералуудыг төлөөлж Монгол Улсын гавьяат хуульч, хошууч генерал Б.Пүрэв хэлсэн үгэндээ:

“Дотоодын цэрэг нь байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын төр, ард түмэндээ үнэнчээр зүтгэж ирсэн билээ. 1990 онд Дотоодын цэрэг нь биеэ даасан Төрийн цэргийн байгууллага болж, цагдаагийн байгууллагатай нэр, амьдралаа холбосон түүхтэй. Миний бие 1990 онд Монгол Улсын Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн анхны командлагчаар томилогдоод 6 жил гаран ажилласан. Түүнээс хойш цагдаа, дотоодын цэргийн байгууллага их хөгжиж, ажил үүрэг нь нэмэгдэж, товчхон хэлбэл ажил нь их хүндэрсэн байна.

Та бүхэн гүйцэтгэж байгаа үүргээ нэр төртэй биелүүлж байгааг Монголын төр, ард түмэн харж байгаа. Ингээд Монголын Дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүн, та бүхний гэр бүлийн гишүүдэд 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, амьдралд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол Улсын Дотоодын цэргийн яруу алдар бадартугай” гэв.

эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар