Улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх ажил хариуцсан алба хаагчдын ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫГ зохион байгууллаа
Улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх ажил хариуцсан алба хаагчдын зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр буюу гуравдугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа.
Зөвлөлдөх уулзалтанд ТЦА-ны Дэд дарга, цагдаагийн хурандаа С.Жавхлантбаатар, ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулга, албаны УСХ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат, нийслэлийн есөн дүүргийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан алба хаагчид танхимаар 21 аймгийн алба хаагчид цахимаар оролцлоо.
Зөвлөлдөх уулзалтыг нээж ТЦА-ны дарга, цагдаагийн хурандаа С.Жавхлантбаатар хэлсэн үгэндээ “Монгол Улсын хэмжээнд ЭМЯ, ЭМХТ-өөс гадна Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсын хүн амын нас баралтын тавин шалтгааныг нэрлэсний эхний аравт зам тээврийн осол орсон байдаг. Өнөөдрийн энэ уулзалтыг хийж байгаа гол зорилго бол урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтын ажиллагааны үр дүнд зам тээврийн ослын улмаас иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учрах хохирол ирэх 10 жилд 50-аас дээш хувиар буурсан эерэг үзүүлэлтэд хүрэх юм.
Нийслэл хотод зам тээврийн осолд явган зорчигч ихээр өртөж байгаа бол орон нутагт зорчигч хэлбэрээр осолд өртөх тохиолдол их байгаа төдийгүй бага насны хүүхэд зам тээврийн ослын золиос болж байна.
2020 онд Улаанзагалмай нийгэмлэгээс “Гамшгийн яаралтай хариу арга хэмжээ” төслийг Төв, Дундговь, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийн авто замын дагуух үйлчилгээний байгууллагуудыг түшиглэн “Анхны тусламж”-ийн 10 цэг байгуулах ажлыг эхлүүлж, олон нийтэд Анхны тусламжийн мэдлэг олгох сургалтыг 200 орчим хүнд орсон нь үр дүнтэй ажил болсон. Цаашид ч энэ чиглэлийн ажлыг өргөжүүлж, бидний зүгээс хамтран ажиллана.
Өнгөрсөн онд бид “Цагийн менежмент”-ийн хяналт шалгалтыг зохион байгуулсны үр дүнд зам тээврийн осол, ослын улмаас амь насаа алдсан, гэмтсэн ослыг тодорхой хувиар бууруулсан. Энэ нь орон нутгийн автозамд цагийн менежментээр өртөөчлөн хяналт тавих, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаа, эрүү, мөрдөн экологийн цагдаа албадын алба хаагчид идэвх зүтгэлтэй оролцсоны үр дүн юм. Энэ онд ч арга хэмжээг үргэлжлүүлж байгаа бөгөөд өнгөрсөн “Сар шинэ”-ийн баярын өдрүүдэд цагийн менежментээр ажилласны үр дүнд ослыг бууруулж чадсан. Үүнээс үзэхэд та бүгдийн оролцоо ямар чухал байгааг хэлж болохоор байна” гээд уулзалтад оролцож буй нийт алба хаагчдад урьдчилан сэргийлэх цогц ажлыг танилцуулан, энэ онд хийгдэх үүрэг чиглэлийг өглөө.
Зөвлөлдөх уулзалтаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсээс нэгдсэн танилцуулга, өнөөгийн зам тээврийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм. Энэ хүрээнд УСХ-ийн дарга, дэд хурандаа Б.Очирбат танилцуулгандаа “Өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай улсад зам тээврийн 293 мянган осол бүртгэгдэж, 5137 хүн нас барж, 33928 хүн гэмтсэн тоо баримт байдаг. Цагдаагийн байгууллагаас зам тээврийн зөрчлийг бууруулах тал дээр олон арга хэмжээг тасралтгүй авч ажиллаж байгаа. Үүний үр дүнд иргэд олон нийт сэрэмжлүүлэг мэдээлэл авч, осол гэмтлийн тоо буурсан үзүүлэлт харагддаг. Иймд бид нэгдсэн нэг бодлогоор зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлуудаа эрчимжүүлэн ажиллахаар энэхүү уулзалтыг зохион байгуулж, тал талын мэдээллийг нэгтгэн авч байгаа юм” гэлээ.