• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

Амины үнэтэй ДРИФТ буюу стандарт бус яндангийн гай

2020-07-28
Амины үнэтэй ДРИФТ буюу стандарт бус яндангийн гай

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Сүүлийн үед залуус өөрийн унаж, хэрэглэж буй тээврийн хэрэгслээ гоёж гангалах,зориулалтын бус тоноглол хийх нь элбэгшсэн. Мэдээж хэрэглээ байгаа учраас энэ төрлийн худалдаа ч эрэлт ихтэйг авто машины сэлбэг, хэрэгслийн худалдаа эрхлэгчид хэлдэг. Унаж буй машинаа гоёж гангалах нь юуны буруу байх вэ. Гэхдээ зориулалтын бус тоноглол хийх нь тухайн тээврийн хэрэгслийн үйлдвэрээс гаргасан стандартыг зөрчиж, өөрийн болон бусдын аюулгүй байдалд халдах гол шалтгаан болсоор байна. Үүний нэг нь бүдүүн яндан буюу хөдөлгүүрийн хүч дамжуулах эд ангийг зориулалтын бусаар өөрчлөх. Ингэж өөрчилснөөр автомашины хүч төдийлөн нэмэгдэхгүй ч түүнээс гарч буй дуу чимээ нь бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг бөгөөд энэ төрлийн гомдол Тээврийн цагдаагийн газарт нэлээд ирдэг аж. 

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10.1-т “Улсын стандарт шаардлагыг хангасан үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрнө”, Замын хөдөлгөөний дүрмийн хоёрдугаар хавсралтын 4.3-т “Яндан, дуу намсгуур ажиллахгүй буюу байхгүй болсон, зориулалтын бус дуу намсгууртай автомашин ашиглахыг хориглоно” гэж тус тус заасан байдаг. Нэгэнт хуульд хориглосон яндан буюу хөдөлгүүрийн хүч дамжуулах эд ангийн зохисгүй хэрэгцээ байгаа учраас бусдын амар амгалан, шөнийн цагийн хотын авто замын хөдөлгөөнд хэрхэн саад хийж байгааг хянаж, шалгалаа. Шалгалтыг Автотээврийн үндэсний төв, Тээврийн цагдаагийн албатай хамтран өнгөрөгч баасан гарагт зохион байгууллаа. 

Долдугаар сарын 24-25-нд шилжих шөнө нийслэлийн зургаан дүүрэгт гарч болох хэрэг, зөрчил, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах бүдүүн яндант машин, мотоциклийн зорчих хэсгийг шалгав. Шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 жолоочийг илрүүллээ. 

ЗОРИУЛАЛТЫН БУС ЯНДАНТАЙ БОЛ 20 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

Хуульд заасны дагуу яндангаас гарах дууны хэмжээ хэтэрсэн тээврийн хэрэгслийг нэг бол дуу намсгагч (глушитель) ажиллахгүй болсон, эсвэл зориулалт бусаар өөрчилж тоноглосон гэж үзнэ. 

22:00 ЦАГ. Тээврийн цагдаагийн алба сурвалжилгын багтай хамтран нийслэлийн зургаан дүүрэгт хуваагдан 22:00 цагт хяналт шалгалтын ажлаа эхлүүлсэн юм. Манай сурвалжилах баг СБД-ийн II хорооны нутаг дэвсгэрээс шалгалтын ажлыг эхлүүллээ. Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, ахлах дэслэгч Б.Далайцэрэнгээр ахлуулсан баг бүрэлдэхүүн хэрэг, зөрчил гаргачдыг тухайн цэгт очсон даруйдаа эхлүүлж байв. “Хүүхдийн 100”, АСА цирк орчимд баар, цэнгээний газах нэлээд бий бөгөөд залуус цугларч, бөөгнөрөл үүсгэн тамхи татах, согтуурах, хоорондоо маргалдах, чанга орилж, хашхирах зэрэг зохисгүй үйлдэл гаргаж, хяналт шалгалтын багийнхнаас анхааруулга, сануулга авлаа.  Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт Тээврийн цагдаагийн газрын 60 орчим зохицуулагч тодорхой цэгт төвлөрөн ажиллалаа. Тэд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл бүдүүн яндантай эсэхийг шалгав. 

23:10 цагт СБД-ийн II хороонд бүдүүн яндантай, зургаан автомашиныг зогсоож, жолоочийн бичиг баримтыг шалгав. Эдгээр автомашины жолооч ямар зөрчил гаргасан талаар СБД-ийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч Б.Далайцэрэнгээс тодруулахад “Олон нийтийн газар болон орон сууцны ойр орчим дрифт хийсэн. Энэ хэсгээр бүдүүн яндантай автомашин нэлээд явдаг нь бага насны хүүхэд болон ахмад настай иргэдийн тав тухыг алдагдуулдаг. Энэ төрлийн дуудлага ч манайд их ирдэг. Үүний дагуу Тээврийн цагдаагийн газраас тогтмол хяналт шалгалт хийдэг. Эдгээр тээврийн хэрэгсэл 72 децибал нэгжээс дээш хэмжээтэй, бүдүүн яндан дуугаргасан буюу дрифт хийсэн гэлээ.

Тус тээврийн хэрэгслийн жолоочид ямар арга хэмжээ авах талаар Тээврийн цагдаагийн албаны техник, замын хяналтын хэлтсийн техникийн хяналт хариуцсан зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Энхмөнхөөс тодруулахад “Замын хөдөлгөөний дүрмийн дөрөвдүгээр хэсэгт, тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчил, тээврийн хэрэгслийн жагсаалт бий. Монгол Улсын стандарт 50,14,2003 гэсэн стандартаар дууны децибал хэмжээс буюу дууны дээд нэгжийг зөрчсөн, стандарт бус дуу намсгагч хэрэглэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.7.15-т заасны дагуу  зөрчлийг арилгах арга хэмжээ авч ажиллаж байна” хэмээв.

Мөн хотын төвөөр  мотоциклтэй залуус хоорондоо уралдах, өндөр хурдтай давхицгаадаг учраас энэ төрлийн зөрчлийг ч мөн илрүүлэв. 23:30 цагт  сундлаатай явсан мотоциклийг шалгахад, тээврийн хэрэгслийн арлын дугаар зөрсөн зөрчил илэрсэн юм. Тус мотоциклийг журмын хашаанд оруулж бичиг баримтыг хураан авч, оношилгоонд оруулж хянаж, шалгахаар болсон. Яагаад арлын дугаар зөрсөн тээврийн хэрэгсэл унаж явсан талаар жолоочоос асуухад “Нарны буман гэрэл” компаниас худалдаж аваад 10 хонож байна. Худалдаж аваад хөдөө яваад ирлээ. Өнөөдөр анх удаа хотын төвөөр  явж байна” гэсэн тайлбар өглөө. Ингээд Сөүлийн гудамжинд 00:06 цагт найм дахь бүдүүн яндантай автомашины жолоочийн бичиг баримтыг хураан авсан юм.

00:30 цагт хяналтын ажилтан, зохицуулагчийн утсанд дуудлага ирэв. Бид дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн XV хорооны “Ханбогд” амралтын газар руу хөдөлцгөөв. Учир нь тэнд амрагчид их очсон тул хууль бус үйл ажиллагаа болж байх магадлалтай байлаа. Тус газар руу очих замд машиныхаа цонхоор толгойгоо гарган инээж, хөлчүүрхсэн залуус цуваа болон явж байв. Тус амралтын  газар 00:40 цагт очиход хоёр давхар машины зогсоол амрагчдын машинаар дүүрчээ. Цагдаа машиныхаа дохионы гэрлээ унтрааж, амрагчдын байр байцыг хэсэг хугацаанд ажиглалаа. Эргэн тойронд машиныхаа хөгжмийг чанга тавьсан, олноор цугларч согтууруулах ундаа хэрэглэсэн, бие биенээ хөөрөгдөж дуу чимээ гаргасан байдалтай орчин угтав. Тэдгээр  дундаас дрифт хийж буй  үйлдлийг ч тогтоов. Машины хөдөлгөөнийг зогсоож, яагаад зориулалтын бус талбайд олон нийтийг эрсдэлд оруулах нөхцөлд  дрифт хийгээд байна вэ гэх шаардлага тавилаа. Гэтэл жолооч “Хүн амьтан эрсдэлд оруулаагүй шүү дээ яасан, болохгүй гэсэн юм байгаа юм уу” хэмээн тоомжиргүй хариулав.

Тус зөрчил иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулахаас гадна, амрагчдын амь нас, аюулгүй байдлыг аюулд оруулж буй үйлдэл билээ. “Ханбогд” амралтын газрын зогсоол дээрх бүх спорт загварын авто машиныг Тээврийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийнхэн гэнэтийн оношилгоо хийх болон, бичиг баримт шалгах, согтуурлын зэргийг тогтоох шалгалтын чиг үүргийнхээ хүрээнд тогтоохоор ажиллав. Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотой согтуугаар тээврийн хэрэгсэл жолооддог, спорт авто машин сонирхогчид 00:00 цагаас хойш иргэдийн амгалан тайван байдал алдагдуулах  “Дрифт хийх” гэж нэрлэдэг дугуйгаа шатаан хаазалж, бүдүүн яндан дуугаргадаг жолооч нар их байна” хэмээн тээврийн цагдаагийн газрынхан ярилаа. Цар тахлаас урьдчилан сэргийлж олноор цуглахыг  хориглосон ч амралтын газрын зогсоолд 60-70 машинтай залуус наргин согтууруулах ундааны шил, лааз ил замбараагүй хаяжээ.  

01:01 цагт тухайн зогсоолын хоёрдугаар давхрын нөхцөл байдалтай танилцав.  Мөн ижил тооны автомашинтай залуус угтлаа. Зогсоолын үүдэн хэсэгт  автомашиныхаа  дугуйг сольж, дрифт хийх гэж буй үйлдлийг газар дээр нь  ийнхүү барилаа. Мөн уралдаж ирсэн байдалтай гурван мотоциклтой залуу хамгаалалтын малгай, багтайгаа зогсож байхтай нь таарав. Энэ мэтчилэн бартаат замын тээврийн хэрэгслээр оройн цагаар явдаг, улсын дугааргүй, спорт загварын мотоцикл замын хөдөлгөөнд цөөнгүй орж байгааг хяналтын багийнхан ил болгов. Гэвч энэ нь  эзэнтэй, эзэнгүй зам тээврийн осол гарах нөхцөлийг бүрдүүлдэг аюултайг залуус ухамсарлахгүй байгаа нь харамсалтай.  

Бидний хяналтын ажил үүгээр дууссангүй. 01:30 цагт цагдаа нар зогсоол чөлөөлөхийг шаардаж, автомашины жолооч нарыг шалгаж, зорчигчдод бүсээ зүүж явахыг сануулаад, залууст хариуцлагатай, иргэний үүргээ ухамсарлахыг сануулсан юм. Тухайн шөнө Тээврийн цагдаагийн газарт 234 дуудлага мэдээлэл ирснээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 зөрчлийг гэнэтийн хяналт шалгалтаар илрүүлэв. Энэ нь энгийн өдрөөс хоёр дахин илүү зөрчил бөгөөд зам тээврийн ослын улмаас зургаан хүн гэмтсэн гэх мэдээллийг өглөө. Харин эрдэнэт хүний амь эрсдээгүй, тайван хоносон гэлгийг Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат онцоллоо. Тэрбээр “Эцэг эхчүүд шөнийн цагаар өсвөр насны  хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй”-г анхааруулсан юм.

Зам тээврийн ослын улмаас жилд дунджаар 540-550 хүн амь насаараа хохирч байгаа тоо байдаг ч иргэд өөрийн болон бусдын амь насанд хайргүй, хэтэрхий хэнэггүй байгаа нь зам тээврийн осол буурахгүй байгаа гол шалтгаан болж байна хэмээн албаныхан анхааруулж байна. Амь насаараа хохирсон дээрх ослын 70 орчим хувь нь урин дулааны цагт буюу амралт зугаалгаар явах, орон нутгийн зам дээр үйлдэгддэг байх юм. Тэгэхээр өөрийн болоод бусдын амь насыг хохироохгүйн тулд авто машин, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, зам тээврийн хөдөлгөөнд боловсон оролцоё, жолооч нар аа.