• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ТЕХНИКИЙН ХУВЬД БҮРЭН БУС, СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛҮҮД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ ЯВДАЛ БУУРАХГҮЙ БАЙНА

2019-10-01
ТЕХНИКИЙН ХУВЬД БҮРЭН БУС, СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛҮҮД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ  ЯВДАЛ БУУРАХГҮЙ БАЙНА

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газраас 2019 оны эхний хагас жилийн байдлаар тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд хийсэн хяналт шалгалтаар техникийн хувьд илт бүрэн бус зөрчилтэй 247.239 тээврийн хэрэгслийг илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудаар шийтгэл оногдуулж ажилласан.

Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийн техникийн бүрэн бүтэн байдалтай холбоотой зөрчлийн тоо буурахгүй байгаа үндсэн шалтгаан нь жолооч, эзэмшигч, өмчлөгч нарын зүгээс өөрсдийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ биелүүлдэггүй, илт бүрэн бус, эвдрэл гэмтэлтэй тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байгаатай холбоотой юм.

Тухайлбал тус албаны Замын цагдаагийн газраас энэ оны 3 дугаар сард холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт шалгалтыг явуулсан. Энэхүү хяналт шалгалтаар техникийн хувьд бүрэн бус, өнгө үзэмжгүй, утаа хаялт ихтэй зэрэг зөрчилтэй нийт 7174 жолоочид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудаар шийтгэл оногдуулсан. Эдгээр техникийн хувьд зөрчилтэй тээврийн хэрэгслүүд нь Автотээврийн үндэсний төвийн салбар техникийн хяналтын үзлэг оношилгооны төвд оношилгоонд хамрагдаж замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл авсан байсан.

Тухайн хяналт шалгалтын үр дүнгээс дүгнэхэд тээврийн хэрэгсэлд жил бүр хийгддэг техникийн хяналтын үзлэг, оношилгоог хийж буй Автотээврийн үндэсний төвийн салбар оношилгооны төвүүдийн инженер, техникийн ажилчид Зам, тээврийн сайдын 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 232 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах журам”-ыг мөрдлөг болгохгүй илт бүрэн бус, эвдрэл гэмтэлтэй, өнгө үзэмж муу тээврийн хэрэгслийг шалгахгүйгээр тэнцүүлэх үйлдэл гарсаар байна.

Иймд дээрх төрлийн зөрчлүүдийг таслан зогсоох зорилгоор 2019 оны 08 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 10-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион явуулсан хэсэгчилсэн хяналт шалгалтын явцад өмнө нь техникийн үзлэг, оношилгоонд хамрагдаж тэнцсэн гэх боловч илт бүрэн бус зөрчилтэй тээврийн хэрэгслүүд ихээр илэрсэн. Тухайн зөрчилтэй автомашин нэг бүрийн техникийн эвдрэл, гэмтэлтэй хэсгийг фото зургаар баримтжуулан авч жолооч, эзэмшигч нараас тухайн эвдрэл, гэмтэл хэзээ, хаана ямар шалтгааны улмаас автомашинд нь учирсан талаар тодруулга тайлбар авахад 2019 оны үзлэг, оношилгоонд хамрагдахаас өмнө уг эвдрэл, гэмтэл автомашинд нь байсан болох талаар эзэмшигч, өмчлөгч нь мэдүүлсэн бөгөөд зөрчилтэй тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 7384 жолоочид торгуулийн шийтгэл оногдуулсан байна.

Эдгээр зөрчлөөс техникийн хяналтын үзлэг оношилгоонд хамрагдах үед нь оношлогч инженерүүд нүдээр хараад илрүүлж болох байсан илт бүрэн бус, эвдрэл гэмтэлтэй 171 тээврийн хэрэгслийн зөрчлийн мэдээлэл, фото зургийн хамтаар Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төвд цаашид техникийн хяналтын үзлэг, оношилгоог явуулахдаа холбогдох дүрэм, журам, стандартын шаардлага хангахааргүй илт бүрэн бус, эвдрэл гэмтэлтэй, өнгө үзэмж муу тээврийн хэрэгслүүдийг тэнцүүлэхгүй байх, илэрсэн зөрчил дутагдлын талаар оношилгооны салбар төвүүдийн инженер, техникийн ажилчдад танилцуулж, зөрчил дутагдал гаргахгүй байхад анхаарч ажлын хариуцлагыг нэмэгдүүлэх, техникийн хяналтын үзлэг, оношилгооны чанарт ахиц гаргах шаардлагатай талаар мэдээлэл хүргүүлсэн.

Зөрчилтэй 171 тээврийн хэрэгслүүд нь Автотээврийн үндэсний төвийн дараах салбар оношилгооны төвүүдэд үзлэг оношилгоонд хамрагдсан байх бөгөөд оношлогч инженер, техникийн ажилчид техникийн хувьд илт бүрэн бус, өнгө үзэмжгүй байсан тээврийн хэрэгслүүдийг үзлэгээр тэнцэнэ гэж дүгнэлт гарган оношилгоонд тэнцүүлсэн зөрчлийг шалгаж байна. Тухайлбал: АТҮТ-ийн Сонгинохайрхан салбар –25, Баянгол салбар -13, Нива трейд салбар -12,  Баянхонгор салбар -11, Архангай салбар -11, Баянзүрх салбар -11, Замын Үүд салбар -9,  Өмнөговь салбар -9, Дархан-Уул салбар -8, Баян-Өлгий салбар -7, Завхан салбар -6, Монгол терминал салбар -6, Говьсүмбэр салбар -5, Төв аймаг салбар -5, Сүхбаатар аймаг салбар -5, Увс салбар -4, Дорноговь салбар -4, Мөнхерөөлт салбар -3, Булган салбар -3, Орхон, Говь-Алтай, Ховд, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгуудад дахь салбар оношилгооны төвүүдэд тус бүр 1 тээврийн хэрэгсэл бүрэн бус, өнгө үзэмжгүй үедээ оношилгоонд хамрагдсан байсан.