ДЭЛХИЙН БАНКНЫ ТӨСЛИЙН БАГИЙНХАНТАЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХААР БОЛЛОО
Дэлхийн банкны Тээврийн менежментийн багийн авто замын аюулгүй байдлын зөвлөхүүд манай улсад 2019 оны 12 дугаар сарын 02-ноос 06-ны өдрүүдэд ажиллаж байгаа. Тус багийн бүрэлдэхүүнд багтаж ирсэн авто замын аюулгүй байдлын шинжээч, сургагч багш нарт хүсэлт гаргасны дагуу Тээврийн цагдаагийн албаны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус албаны байранд “Авто замын аюулгүй байдал” сэдэвт сургалтыг зохион байгуулахаар болсон.
Уг сургалтаар авто замын дэд бүтцийн аюулгүй байдлыг сайжруулахад авто замын аюулгүй байдлын инженерчлэл, аудит, явган зорчигчдод зориулсан хөдөлгөөн зохицуулах техник хэрэгсэл, уулзварын замын хөдөлгөөний оновчтой зохион байгуулалт, ослын аюултай хар цэгийг зөв тодорхойлсон байдал, түүнийг арилгах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх явдал чухал ач холбогдолтой болох талаар гадаадын бусад улс орнуудад авч хэрэгжүүлж байгаа тэргүүний туршлага, жишээ баримтад тулгуурлан сургалтыг зохион байгуулна.
Алба хаагчид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр зохион байгуулагдах дээрх сургалтад хамрагдсанаар мэргэжлийн мэдлэг дээшлэх, зам тээврийн ослын аюултай цэгийг тодорхойлох, ослын аюултай хар цэгт тохирсон арга хэмжээг оновчтой төлөвлөх ур чадвар эзэмших юм.