ТУСГАЙ ДУУТ БОЛОН ГЭРЛЭН ДОХИОГ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УРД НҮҮР, БУФЕРТ, КОПУТНЫ ДОТОР ДАЛД БАЙРЛУУЛАХЫГ ХОРИГЛОНО
Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/292 тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам”-д зааснаар зөвхөн шуурхай ажлын тусгай тоноглогдсон тээврийн хэрэгсэлд МУ-ын MNS 4979:2016 стандартын шаардлага хангасан тусгай дуут болон гэрлэн дохиог тавьж хэрэглэхээр заасан.
Гэсэн хэдий ч иргэд болон зарим нэгэн албан тушаалтнууд тусгай дуут болон гэрэл дохиог зөвшөөрөлгүй ашиглах, хориглосон байдлаар суурьлуулах зөрчил гаргаж байна.
Тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх эрх бүхий байгууллагын тээврийн хэрэгслүүдэд гэрлэн дохиог MNS 4979:2016 стандартад зааснаар бүхээгний дээр голлуулан эргэн тойрон 360 градуст харагдахаар байрлуулна гэснийг зөрчиж тээврийн хэрэгслийн урд нүүр, буферт, копутны дотор далд нууж байрлуулж байгаа нь Замын хөдөлгөөний дүрмийн 4.8 хэсэг болон Зөрчлийн тухай хуулийн 14.7.16 дахь заалтыг зөрчиж байгаа үйлдэл юм.
Иймд тус албанаас энэ чиглэлийн хяналт шалгалтыг зохион байгуулж эхлээд байгаа бөгөөд дээрх хориглосон тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэсэн тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг албаны цахим хуудсуудаар дамжуулан иргэдээс авч эхэллээ.