“ШИЛДЭГ ЗОХИЦУУЛАГЧ-2018” ТЭМЦЭЭНИЙГ БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАМЫН ЦАГДААГИЙН ХЭЛТЭС ТЭРГҮҮЛЛЭЭ
Тээврийн цагдаагийн албанаас харъяа нэгжийн алба хаагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Шилдэг зохицуулагч-2018” тэмцээний шилдгүүд өнөөдөр тодорлоо.
Хууль эрх зүй, гадаад хэлний мэдлэг, биет зохицуулалт, зам тээврийн ослын газарт ажиллаж, дүгнэлт гаргах, уран жолоодлого зэрэг мэдлэг, ур чадварын нийт 7 төрөлд 33 багийн 99 алба хаагчид өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр цагдаагийн хурандаа Ц.Ариунболд даргатай Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэс бусдыгаа манлайлан “Цом”-ын эзнээр шалгарсан юм.
Уг тэмцээний дэд байрыг цагдаагийн хошууч Б.Батхуяг даргатай Архангай аймаг дахь Замын цагдаагийн тасаг хүртсэн бол гуравдугаар байрт цагдаагийн хошууч Ж.Явуухулан даргатай Өмнөговь аймаг дахь Замын цагдаагийн тасаг, тусгай байрт цагдаагийн хурандаа Д.Ганболд даргатай Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн баг хамт оон тус тус шалгарлаа.
Тэмцээний талаар Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан хэлэхдээ “Тус албанаас харъяа нэгжийн алба хаагчдын дунд мэргэжлийн ур чадвар, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, харилцан мэдээлэл, ажлын арга барил туршлага солилцох, судлах зорилгоор зохион байгуулдаг “Шилдэг зохицуулагч-2018” тэмцээнийг өнөөг хүртэл тасралтгүй 51дэх жилдээ зохион байгуулж байна. Мэдлэг, ур чадварын тэмцээн гэдэг утгаараа энэ жил өрсөлдөөн ихтэй, оролцогчдын бэлтгэл өндөр байсан нь онооны нийлбэр дүн их ойр байснаас харагдаж байна. Ингээд тэмцээнд амжилттай оролцсон алба хаагчиддаа баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье” хэмээв.
Мөн тус албаны “Уран зохицуулагч”-аар Дорнод аймаг дахь Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч А.Одхүү тодорлоо.