ДҮҮРГҮҮДИЙН АЛСЛАГДСАН ГУДАМЖ ЗАМ БОЛОН ТОВЧООНЫ ЗАМУУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА
Дүүргийн захын гэр хороолол, хяналтгүй цэгүүдэд эргүүл, хяналт шалгалтыг эрчимжүүлж хөдөлгөөний дэг журмыг тогтоох, түгжрэл саатлыг бууруулах зорилгоор “Хөдөлгөөн зохицуулалт-Хяналт” арга хэмжээг зохион байгуулж байна.
Энэ долоо хоногийн байдлаар Сүхбаатар дүүргийн алслагдсан цэг буюу 7-н буудлын эцэс мөн Улаанбаатар хотоос хөдөө, олон нутгийг чиглэх хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор Баянзүрхийн товчоо, 22-ын товчооны замуудад хяналт шалгалт, хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллаж байна.
Арга хэмжээний хүрээнд нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн зогсоол, буудалд хөдөлгөөний дэг журам сахиулах, зөрчлийг баримтжуулан шуурхай шийдвэрлэх, замын зорчих хэсгийн хажууд хөдөлгөөнд сөргөөр, саад учруулахуйц хууль бус жижиглэн худалдаа үйлчилгээг таслан зогсоох, техник хяналт, замын зохион байгуулалтын чиглэлээр тухайн дүүргийн нутаг дэвсгэрт холбогдох үзлэг шалгалтыг хийх, цагдаагийн нийтлэг үүргээр гэмт хэрэг, зөрчил, зарлан мэдээлэгдсэн, эрэн сурвалжлагдаж буй хүн, автомашин, эд зүйлийг илрүүлэх зэрэг чиглэлээр ажиллах юм.
2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 22-ын товчооны замд 14.00-22.00 цагийн хооронд хяналт шалгалт хийх хугацаанд нийт 130 тээврийн хэрэгслийг шалгахад 95 нь зөрчилтэй байсан бөгөөд 39 жолоочид хуулийн дагуу хариуцлага тооцож ажилласан байна.