НАЛАЙХ, БАГАНУУР, БАГАХАНГАЙ ДҮҮРГҮҮД ХАМТРАН "ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ-ХАМТДАА ШИЙДЬЕ" ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
"Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө-хамтдаа шийдье" анхдугаар зөвлөгөөнийг Налайх, Багануур, Багахангай дүүргүүд хамтран 2018.04.06-ны өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэр "Red rock resort"-д зохион байгуулж байна.
Тус 3 дүүрэг нь аялал жуулчлал, хотжилт, хөдөө аж ахуй хосолсон өвөрмөц онцлогтой дүүргүүд юм.
Зөвлөгөөнд МУ-д Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн албаны төлөөлөгчид болон эрдэмтэн, судлаачид оролцож байна.
Уулзалтын үеэр Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд төрийн захиргаа, үйлчилгээ, хууль сахиулах байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, иргэд хамтран үе шаттай үйл ажиллагаануудыг зохион байгуулж Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан “Жишиг дүүрэг” болгон тохижуулах талаар санал солилцсон юм.
Налайх, Багануур, Багахангай дүүргүүд дэх замын хөдөлгөөний эрчим нь нийслэлийн 6 дүүргийг бодвол харьцангуй сийрэг боловч олон улсын болон улсын чанартай гол зангилаа замуудыг дайран өнгөрдөгөөрөө ихээхэн онцлогтой юм. Тухайлбал: Тэрэлж-Горхи, Замын Үүд-Улаанбаатар, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр зэрэг гол замуудын дайран өнгөрдөг.
Үүнээс шалтгаалан дээрх 3 дүүрэгт олон улсын болон улсын чанартай гол автозамуудад зам тээврийн осол, хэргийн дийлэнх нь буюу 90 орчим хувь нь бүртгэгддэг бол төвийн хэсэгт нийт ослын 10 хүрэхгүй хувь нь бүртгэгдэж байна.
Уг зөвлөгөөний үеэр орон нутгийн гол зангилаа замуудад байнгын болон хяналтын пост байгуулж, теле хяналтын камераар хяналт тогтоох, зам болон замын байгууламж, тэмдэг, тэмдэглэлийг сайжруулах, сургууль орчмын автозамыг Монгол улсын MNS 2014:6444 стандартын дагуу тохижуулах, алба хаагчдад хяналт шалгалт хийхэд шаардагдах техник хэрэгслээр хангаж ажиллах, замын зорчих хэсэгт хариулгагүй мал орох, үүнээс үүдэн гарах зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээнүүдийг зохион байгуулах зэрэг саналуудыг оролцогч, төлөөлөгч нараас дэвшүүлж байв.