САР ШИНИЙН ӨДРҮҮДЭД 760 АЛБА ХААГЧ ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАНА
Өнгөрсөн 2017 оны сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас улсын хэмжээнд нийт 14 хүний амь нас хохирч, 48 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Үүнээс орон нутагт 13 хүний амь нас хохирч, 10 хүн гэмтсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын шалтгаан, хэлбэрийг авч үзвэл орон нутгийн замд буруу тээвэрлэлт, буруу зогсолт хийх, гэрэл шилжүүлэхгүй байх, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу гүйцэтгэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг байгаа боловч 70 орчим хувь нь буюу тэргүүлэх шалтгаан нь хурд хэтрүүлсний улмаас онхолдох, мөргөлдөх хэлбэрээр гарч байна.
Харин нийслэл хотод гарсан осол нь хажуу хоорондын зай баримтлаагүй, уулзвар гарц нэвтрэх журам зөрчсөн, тээврийн хэрэгсэлээ бусдын хөдөлгөөнд саад болох хэсэгт байршуулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас үйлдэгдэж байгаа бол 65 орчим хувь нь эгнээ байр өөрчлөх журам зөрчсөний улмаас тус тус бүртгэгдсэн байгаа тул хөдөлгөөнд оролцох үедээ дээрх төрлийн зөрчлүүдийг гаргахгүй байхыг тус албанаас онцгойлон анхааруулж байна.
Сар шинийн баярын өдрүүдэд иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, шуурхай зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор нийслэл хотын хэмжээнд нийт 212 уулзварыг хяналтанд авахаас гадна гэр хороолол, орон сууц дундах замуудыг давхар хяналтандаа авч замын цагдаагийн албаны 478 алба хаагч, ХСИС-ийн 280 сонсогчоор хүч нэмэгдүүлэн нийт 760 алба хаагч та бүхний амар амгалангийн манаанд ажиллана.
Хэдийгээр цагдаагийн байгууллагын алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрэээ хөдөлгөөн зохицуулан хүч нэмэгдүүлэн ажиллах боловч жолооч нэг бүрийн сахилга, хариуцлага, дүрэмч хөдөлгөөнд оролцох байдал чухал нөлөөтэй гэдгийг анхааруулж байна.
Ганцхан жолоочийн сахилга, хариуцлагаггүй буруу үйлдлээс шалтгаалж тухайн гудамж, замын хэсэгт механик ачаалал, түгжрэл саатал үүсэхээс гадна Улаанбаатар хотын бусад замын нэвтрүүлэх чадварыг бууруулахад нөлөөлж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирч зам тээврийн осол гарах шалтгаан болж байгааг анхааруулж байна.
Иргэдэд цаг үеийн болон замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаарх мэдээллийг Авто радио 96.3-аар тогтмол өгч байхаас гадна traffic.police.gov.mn, “Замын цагдаагийн алба” facebook хаягаар тогтмол шуурхай хүргэж ажиллана.