“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, Засаг даргын тамгын газар санаачлан Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах цогц бодлогын баримт бичгийг боловсруулж, 2018-2020 он хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэх ажлыг төлөвлөн, шаардагдах санхүүжилтийг үе шаттайгаар шийдвэрлэх замаар зам тээврийн осол, зөрчлийн гаралт, түүний улмаас учирах хор хохирлыг бууруулах, замын хөдөлгөөний ачааллыг багасгах зорилгоор өнөөдөр “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” анхдугаар зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.
Чингэлтэй дүүрэг нь нийслэл Улаанбаатар хотын Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгтэй хил залгаа оршдог, 160 мянга гаруй хүн амтай төвийн дүүргийн нэг юм. Дүүргийн хэмжээнд сүүлийн 5 жилийн хугацаанд бүртгэгдсэн гэмт хэргийн статистик үзүүлэлтээс харахад зам тээврийн ослын нийт дуудлага мэдээлэл, амь нас нь хохирсон болон гэмтсэн хүний тоо 2015 онд хамгийн өндөр үзүүлэлттэй бүртгэгдэж байсан бол 2017 онд дээрх үзүүлэлт буурч, хамгийн бага түвшинд хүрсэн байна.
Зөвлөгөөнд ЧД-ийн ЗДТГ, ГХУСАЗСЗөвлөл, Хууль зүйн яам, Зам тээвэр хөгжлийн яам, Сангийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн алба, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Татварын ерөнхий газар болон төрийн бус байгууллагууд, хороод, сургууль, цэцэрлэгийн төлөөлөл нар оролцож хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Энэ үеэр “Чингэлтэй дүүрэг-Өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр тус дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, “Чингэлтэй дүүргийн ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагаа”-ны талаар ИТХТ-ийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, “Дүүргийн замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ганболд, “Замын хөдөлгөөний аюулгүй байдал ба Чингэлтиэй дүүрэг” сэдвээр ЗЦА-ны Техник, замын хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан нар танилцуулга хийн, өнөөдрийн уулзалт-зөвлөгөөнөөс гарах шийдвэр нь нийслэл хот болон иргэдэд хүрсэн ажил болгохын төлөө хамтран ажиллах “САНАМЖ БИЧИГ” байгууллаа.
Зөвлөгөөн нь хамтын ажиллагаанд түшиглэсэн, цаг үеэс олсон ач холбогдолтой чухал зөвлөгөөн боллоо хэмээн оролцогчид ихээхэн талархаж байв.