• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ-2017

2017-11-29
НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ-2017

     Хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд аюулгүй оролцуулах дадлыг зөв хэвшүүлэх, замын хөдөлгөөний хууль дүрмийг сурталчлах зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион явагддаг “Ногоон гэрэл-цагаан шугам-2017” тэмцээн нь хоёр үе шаттайгаар зохион байгуулагдаж ирсэн. 
2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр The Corporate Hotel and Convention Centre-т 36 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээнийг нээж Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан үг хэллээ. Уг тэмцээнийг Замын цагдаагийн алба, НҮБ-ын Хүүхдийн сан, Монголын улаан загалмайн нийгэмлэг хамтран зохион байгуулан явууллаа.

     Тэмцээний шүүгчээр Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат, МАСК продакшны жүжигчин СТА Ц.Ганзориг, МУЗНийгэмлэгийн мэргэжилтэн н.Гэрэлмаа нар оролцлоо. 
        Тэмцээнд нийслэлийн 7 дүүргийн 7 багийн 96 сурагч, багш нарын хамт оюун ухаан, авхаалж самбаагаа сорин оролцсоноос Тэргүүн байрт Сонгино хайрхан дүүргийн 106-р сургууль, Хоёрдугаар байрт Баянгол дүүргийн Ган зам 20-р сургууль, Гуравдугаар байрт Чингэлтэй дүүргийн 117-р сургууль, Тусгай байрт Налайх дүүргийн 109-р сургууль тус тус эзэлсэн бол тэмцээний Уран зохицуулагчаар Чингэлтэй дүүргийн 117-р сургуулийн 5б ангийн сурагч Б.Баттөмөр шалгарсан байна.

         Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн хамтран ажилласан Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, The Corporate Hotel and Convention Centre, НҮБ-ын Хүүхдийн сан, Монголын улаан загалмайн нийгэмлэг, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төв, Хүүхэлдэйн театрын хамт олонд талархлаа илэрхийлье.

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА