ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТНЫ ДҮРЭМ
Цагдаагийн ерөнхий газрын
даргын 2014 оны 05 дугаар сарын
30 -ны өдрийн 382 дугаар
тушаалын хавсралт
ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН
АЖИЛТНЫ ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ дүрмээр олон нийтийн цагдаагийн ажилтны эрх зүйн байдал, түүнд тавигдах шаардлагыг тодорхойлж, олон нийтийн цагдаагийн ажилтны гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажилд оролцохтой холбогдон үүссэн харилцааг зохицуулна.
1.2.Олон нийтийн цагдаагийн ажилтан нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажилд оролцох чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр ажиллаж буй 20 насанд хүрсэн Монгол Улсын иргэн байна.
1.3.Олон нийтийн цагдаагийн ажилтан хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, бусад хууль тогтоомж болон түүнтэй нийцүүлэн гаргасан эрх зүйн баримт бичиг, энэ дүрмийг дагаж мөрдөнө.
1.4.Олон нийтийн цагдаагийн ажилтнаар хууль, дүрэм, гэрээгээр хүлээлгэсэн үүрэгт нь үл хамаарах ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.
1.5.Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага нь Олон нийтийн цагдаагийн ажилтанд олгох хууль, эрх зүйн болон харилцааны ур чадвар эзэмшүүлэх, холбоо, хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх чиглэлийн сургалтыг сум, дүүргийн Засаг даргын тамгын газар, бусад төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж болно.
Хоёр.Олон нийтийн цагдаагийн ажилтны үйл ажиллагааны чиглэл
2.1.Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага хүн амын нягтрал, газар нутгийн онцлог, эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдалд тулгуурлан олон нийтийн цагдаагийн ажилтныг Цагдаагийн албаны тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу ажиллуулна.[1]
2.2.Олон нийтийн цагдаагийн ажилтныг дор дурдсан чиглэлээр ажиллуулна:
2.2.1.гэмт хэрэг, зөрчлийн газрыг хамгаалах;
2.2.2.шаардлагатай этгээдийн баримт бичгийг шалгаж, оршин суугаа газрын хаягийг тогтоох;
2.2.3.хэв журам сахих талаар иргэн, хуулийн этгээдэд шаардлага тавих;
2.2.4.гэмт хэрэг зөрчил үйлдсэн этгээдийг түр саатуулах, цагдаагийн байгууллагад хүргэх[2]
2.2.5.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүний шалтгаан нөхцөл, хор холбогдлыг олон нийтэд тайлбарлан таниулах, сэрэмжлүүлэх;
2.2.6.хуулиар харьяалуулсан зөрчилд торгууль ногдуулах;
2.2.7.гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг нэн даруй цагдаагийн байгууллагад мэдээлэх;
2.2.8.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслалцаа үзүүлж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн ангилал нь тохирохгүй, эсхүл жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх;
2.3.Олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллах иргэн цагдаагийн байгууллагын сургалтад хамрагдсаны дараа Цагдаагийн албаны тухай хуулийн 24.7-д заасан таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас, холбоо, хамгаалах тусгай хэрэгслийг тухайн шатны Засаг дарга тавьж олгоно.
2.4.Олон нийтийн цагдаагийн ажилтан нь энэ дүрмийн 2.3-т заасан таних тэмдэг, тусгай хувцас, хамгаалах тусгай хэрэгслийг зөвхөн албан үүргээ гүйцэтгэх үедээ хэрэглэнэ.
2.5.Олон нийтийн цагдаагийн ажилтны үнэмлэхийг Цагдаагийн төв байгууллагын даргын баталсан загвар, журмын дагуу жил бүрийн 1 дүгээр сарын 10-ны дотор тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага олгоно.
2.6.Олон нийтийн цагдаагийн ажилтан үүргээ гүйцэтгэхдээ нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, алба хаагчаас мэргэжил, арга зүйн зөвлөгөө авч, удирдлагад ажиллана.
2.7.Олон нийтийн цагдаагийн ажилтан нь Цагдаагийн албаны тухай хуулийн 24.6-д заасан эрх эдэлж, 24.11-д заасан үүрэг хүлээнэ.
2.8.Олон нийтийн цагдаагийн ажилтан хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхдээ холбогдох хуульд заасан эрх хэмжээг хэрэгжүүлнэ.
2.9.Олон нийтийн цагдаагийн ажилтан үйл ажиллагаандаа тэмдэглэл, илтгэх хуудас бичих, гар зураг үйлдэх, фото зураг авах, дүрс, дууны бичлэг хийх болон бусад арга хэрэглэнэ.
2.10.Олон нийтийн цагдаагийн ажилтан үүргээ гүйцэтгэхдээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу аюулгүй байдлын тусгай хувцас, холбоо, нэг бүрийн болон хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэнэ.
2.11.Цагдаагийн байгууллага олон нийтийн цагдаагийн ажилтны өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.
Гурав.Олон нийтийн цагдаагийн ажилтанд тавигдах шаардлага, түүнийг судлах, томилох, тоог тогтоох
3.1.Олон нийтийн цагдаагийн ажилтнаар дор дурдсан шаардлагыг хангасан, 20 нас хүрсэн Монгол Улсын иргэний хүсэлтийг нь үндэслэн, сонгон шалгаруулж, томилно:
3.1.1.бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой;
3.1.2. сэтгэц, эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн байх;
3.1.3. энэ дүрмийн 2.3-д заасан сургалтад хамрагдаж, тэнцсэн байх;
3.1.4. эрх зүйч мэргэжилтэй, цэргийн алба хаасан нь давуу байдал болно
3.2.Олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллах иргэний хүсэлтийг үндэслэн энэ дүрмийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага судалгаа хийнэ.
3.3.Олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллуулах боломжтой гэж үзсэн тохиолдолд сум, дүүргийн Засаг даргаас ирүүлсэн саналыг үндэслэн томилох шийдвэр гаргаж, хөдөлмөрийн гэрээ байгуулна.
3.4.Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага нь аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга, Иргэний зөвлөлтэй хамтран жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор дараа онд ажиллуулах олон нийтийн цагдаагийн ажилтны орон тооны талаар энэ дүрмийн 2.1-д заасныг харгалзан санал боловсруулж, Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлж, батлуулна.
Дөрөв.Сургалт
4.1.Олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллах иргэнд дараах чиглэлээр сургалт зохион байгуулна:
4.1.1.хууль, эрх зүй, хүний эрхийн мэдлэг олгох;
4.1.2.харилцааны соёл;
4.1.3.биеийн хүч хэрэглэх;
4.1.4.холбооны хэрэгсэл ашиглах;
4.1.5.Хамгаалах тусгай хэрэгсэл болон хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас өмсөж, хэрэглэх.
4.2. Олон нийтийн цагдаагийн ажилтныг сургаж, дадлагажуулах үүргийг цагдаагийн байгууллага хүлээнэ.
4.3. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг Нийтийн хэв журам хамгаалах газар, Сургалт дадлагын төв хамтран боловсруулж, Цагдаагийн төв байгууллагын дарга батална.
Тав.Олон нийтийн цагдаагийн ажилтны ажлын үр дүнг үнэлэх, дүгнэх
5.1.Олон нийтийн цагдаагийн ажилтантай байгуулах гэрээний загвар, ажилтны үнэмлэх, ажил дүгнэх аргачлалыг Нийтийн хэв журам хамгаалах газар боловсруулж, Цагдаагийн төв байгууллагын дарга батална.
5.2.Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм, гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлт, ажлын тайлан, үнэлгээг сар бүр Засаг даргад хүргүүлнэ.
Зургаа.Олон нийтийн цагдаагийн ажилтны үүргээ биелүүлэх баталгаа
6.1.Олон нийтийн цагдаагийн ажилтны хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж дэмжлэг үзүүлнэ.
6.2.Олон нийтийн цагдаагийн ажилтны хууль ёсны шаардлагыг зориуд үл биелүүлсэн, биелүүлэхгүй байхыг уриалсан, эсэргүүцсэн, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь санаатай саад учруулсан, албан үүрэгтэй нь холбогдуулан олон нийтийн цагдаагийн ажилтан, түүний гэр бүлийн гишүүдийг доромжилсон, гүтгэсэн, заналхийлсэн, хүч хэрэглэсэн этгээдэд эрүүгийн болон холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
Долоо.Олон нийтийн цагдаагийн ажилтанд хориглох зүйл
7.1.Албан үүргээ гүйцэтгэхдээ хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхах;
7.2.Хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад аливаа нэг нам, эвсэл, холбооны үйл ажиллагааг дэмжсэн, сурталчилсан үйл ажиллагаа явуулах;
7.3.Албан үүргээ биелүүлсэнтэйгээ холбогдуулан иргэн, хуулийн этгээдээс шан харамж, хандив, тусламж авах;
7.4.Албан үүргээ гүйцэтгэхдээ согтууруулах, мансууруулах бодис хэрэглэх, ажлын байраа дур мэдэн орхиж явах, хууль, дүрэм, гэрээнд заагдсанаас өөр ажил үүрэг гүйцэтгэх;
7.5.Холбоо, хамгаалах тусгай хэрэгслийг үүрэг гүйцэтгэхээс бусад үед биедээ авч явах, хэрэглэх, бусдад шилжүүлэх, хараа хяналтгүй орхих.
Найм.Бусад
8.1.Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, гэмт хэрэг, зөрчил гаргасан үндэслэлээр олон нийтийн цагдаагийн ажилтантай гэрээ цуцалсан бол түүнийг хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
8.2.Энэ дүрмийн хэрэгжилтэд Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах газар, нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллана.
8.3.Олон нийтийн цагдаагийн ажилтан энэ дүрмийн 9.1-д заасан үндэслэлээр болон гэрээг хугацааны өмнө цуцалсан тохиолдолд түүнд тавьж олгосон хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас, холбооны, хамгаалах тусгай хэрэгслийг хурааж, эдэлгээний хугацаа дуусаагүй үнийн зөрүүг нөхөн төлүүлнэ.
8.4.Олон нийтийн цагдаагийн ажилтны үйл ажиллагааны талаарх гомдлыг цагдаагийн байгууллага холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шалгаж, шийдвэрлэнэ.
8.5.Олон нийтийн цагдаагийн ажилтны бүртгэл, судалгааг нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага, нэгдсэн тоо бүртгэлийг Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах газар тус тус хариуцан хөтөлнө.