ЗУУН ДАМЖСАН ДӨРВӨН ҮЕИЙН ЦАГДАА
“Амгалан төрийн сүлд минь тэгшхэн байгаасай
Алтан соёмбот далбаа нь жигдхэн намираасай
Аюулгүй эсэн энх тунх жаргалтай байгаасай
Ардынхаа төлөө зүтгэх жирийн цагдаа би ...” энэ дөрвөн мөртийн илэрхийлэл энх цагийн харуул болж, гурав үеэрээ цагдаагийн бие бүрэлдэхүүнд ажиллаж байгаа Ц.Болд, түүний хүү Б.Батбаатар, Батбаатарын охин Б.Халиун нарыг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Удмын бахархал” буландаа онцолж байна.
Гал сөнөөгчөөс цагдаагийн албан хаагч болсон нь
Тэртээх 1866 онд Хүрээний хилийн дээсийг 15 газраар хэмжээлэн “Арван тавны газрыг цагдах цагдаа” буюу “Арван тавны цагдаа” гэх нэршил бий болсон. Манж Чин улсын “Шинэ засгийн бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 1905 онд Хүрээнд “Цагдан цээрлүүлэх газар”-ыг байгуулсан нь Ар Монгол дахь цагдаагийн анхны байгууллага байв. Тухайн үед Ц.Болдын аав Цэрэндагва аж ахуй хариуцсан арван тавны цагдаа байсан юм. Ингээд харахаар энэ гэр бүл дөрвөн үеийн цагдаа ажээ.
Ц.Болд нь 1958 онд Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн. Арван жилийн сургуулиа төгсөөд 1973-1975 онд Барилгын техник-мэргэжлийн сургуулийг сантехник – механик мэргэжлээр дүүргэж, 1976 оноос Налайх дүүргийн гал командад гал сөнөөгчөөр ажиллаж байв.
Ц.Болдын аав Цэрэндагва хүүдээ цагдаагийн байгууллагат ажиллавал яасан юм бэ гэх чиглүүлэг өгсөн гэдэг. Ийнхүү тэрээр аавынхаа зөвлөгөөний дагуу 1981-1988 онд тэсрэх дэлбэрэх зэвсгийн агуулахад ээлжийн дарга хийж байгаад 1989 оноос Налайх дүүргийн цагдан сэргийлэх хэлтэст Нисэхийн 09 дугаар хороонд хорооны цагдаагаар ажлын гараагаа хэлж байж. 1997 оноос гавьяаны амралтад гартлаа Багахангай дүүргийн цагдаагийн тасагт Цант хорооны хэсгийн байцаагч хийж байсан “Ахлах ахлагч” цолтой ахмад цагдаа билээ. Цэрэг, цагдаагийн алба хаагчид давхар спортын хүмүүс байх нь элбэг. Ц.Болд нь шатрын спортын дэд мастер цолтой бөгөөд 1981, 1982 оны улсын аваргаас алт, мөнгөн медаль хүртэж байсан юм. Тэрээр дөрвөн хүүхэдтэй бөгөөд хоёр хүү нь удам дамжсан цагдаа болжээ. Том хүү Б.Болдбаатар 1999 оноос цагдаагийн байгууллагатай амьдралаа холбосон ахлах мөрдөгч юм. Харин хоёр дахь хүү нийтлэлийн баатар Б.Батбаатар цагдаагийн ахлах ахлагч цолтой, удмын бахархлын гүүр болсон хүн юм.
1999 он. Хүү Б.Батбаатар.
Аавынхаа малгайгаар гоёсон он жилүүд
2007 он. Ц.Болд хоёр хүүгийн хамт.
“Цэрэг, цагдаагийн сүр хүч, цог жавхаа цол хэргэмдээ биш хүнийг хүндлэх сэтгэлд оршдог. Дүрэмт хувцсаа зөв сайхан өмсөж, тэвхийтэл ёслоод, гялалзтал алхах юутай сайхан. Сахилга бат, ёс зүйг сахиж, хариуцлагатай бөгөөд хатуужилтай эрэмгий зоригтой болгодог бахархалтай мэргэжил” гэж ярих түүнийг Болдын Батбаатар гэдэг. Нэгэн амьдралаа энэ албанд зориулж яваа нэгэн юм. Хүүхэд байхаасаа аавыгаа харж цагдаагийн алба хаагч болохыг мөрөөддөг байсан тэрээр үүргээ биелүүлж гавьяаныхаа амралтад гарчээ. Эцэг эхээс дөрвүүлээ бөгөөд дээрээсээ хоёр дахь нь аж. Хүүхэд байхдаа түмэн олныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, өргөсөн тангарагтаа үнэнч аавыгаа хүндлэн биширч, үлгэр дуурайлал авдаг байв. Хоёр, гуравдугаар ангийн бяцхан хүү өөрийн хүслээр аавынхаа дүрэмтийг индүүдэж өгнө. Шөнө орой цаг наргүй ажиллаад гэртээ ирэх аавыгаа хүлээж байгаад хийдэг ганц ажил нь тэр. Дотор талыг нь барааны савангаар татаж байгаа орос маарал тавиад индүүднэ. Жонхуу зуурч хатуулга хийж мөрдсийг нь янзална. Дүрэмт хувцсаа цэвэрхэн хийгээд цэгцтэй өмсөх нь тэдний бас нэгэн үүрэг ажээ.
Аавтайгаа хамт ажилласан сургамж дүүрэн таван жил
2000 он. Багахангай дүүргийн цагдаагийн тасаг, Ц.Болд хоёр хүү болон цагдаагийн бие бүрэлдэхүүний хамт.
Б.Батбаатар төрийн сүлдэндээ тангараг өргөсөн цагдаа болохыг бага балчир наснаасаа мөрөөдсөн юм. Тиймээс нийгмийн ажилтан мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан хэдий ч хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн 1997 онд Эрүүл хамгаалалтын 0801 дугаар хорооны 45 хоногийн цагдаагийн дамжааг дүүргэжээ.
Ийнхүү Багахангай дүүргийн Цагдаагийн тасагт жижүүрийн цагдаагаар 2011 оныг хүртэл үүрэг гүйцэтгэсэн байна. Энэ тухайгаа тэрээр “Ахлагчийн сургуулиа дүргээд ажилдаа томилогдсон юм. Дүрэмт хувцсаа авчаад мөрдсөндөө цолоо тогтоох гэтэл чаддаггүй.
Тэгээд Багахангайгаас аавыг дуудаж, хотод авчраад дэд ахлагчийн цолоо тогтоолгож байлаа. Аав минь цагдаа хувцсаа их нямбай хадгалдаг хүн. Магадгүй надад хадгалаад байсан юм шиг байгаа юм. Би анхны ажилдаа өвөл томилогдож байлаа. Тэр үед аавын өвлийн малгай надад таараад, одоо хүртэл өмсдөг дөө” гэж сэтгэлээс гардаггүй сайхан дурсамжаа хуваалцсан юм. Б.Батбаатар аавтайгаа хамт таван жил ажиллажээ. Сургуулиа төгсөөд 1997 онд Багахангай дүүрэгт хуваарилагдан очиход аав нь хэсгийн байцаагч хийж байв. Өглөө бүр аавтайгаа инээд хөөр болон хөтлөлцөх шахуу ажилдаа явна. Удам дамжсан цагдаа гэж хамт олон, найз нөхөд нь бахархан хүндэлнэ.
Б.Батбаатар эрүүлжүүлэх байрны цагдаа, аав Д.Болд нь жижүүрийн цагдаа хийж хамт ажилласан сүүлийн гурван жилээ сургамж, дурсамж дүүрэн өнгөрүүлжээ. Аав нь түүнд “Хувцсаа цэвэр өмсөөд хүнтэй зөв харьцаад, хууль журмаа ойлгомжтой сайхан тайлбарлаад, хуулийн дагуу зөв боловсон харилцах хэрэгтэй” гэж захиж сургасныг биелүүлсээр өдий хүржээ.
Төв аймгийн Баян сумын хорих ангиас гурван хоригдол оргож, амралтаа авсан байсан Б.Батбаатар түргэн авч, дуудагдан аавтайгаа хамт нэгийг нь барьж байв. Цагдаагийн байгууллагад ажиллаад таван жил болох гэж байсан түүний анхны илрүүлсэн хэргийн хамтран гүйцэтгэгч нь аав нь байсан гэдэг. Зэвсэгтэй этгээдтэй хэрхэн харьцах, яаж гүйцэтгэхийг зөвлөж, үүргээ амжилттай биелүүлсэн дурсамжийн эзэд тэд билээ. Аавтайгаа хамт ажилласан он жилийн дараа 2002-2005 оны үед нэгхэн насны зөрүүтэй төрсөн ахтайгаа мөр зэрэгцэн ажиллаж байв. Ахын нөмөр нөөлөг гэдэг хэмжээлшгүй. Түүний хажуугаар найз шиг түшигтэй цаг хугацааг бүтээлцсэн гэдэг.
Хорин таван жил үүрэг гүйцэтгэсэн ахлах ахлагч
Энэ мэргэжилдээ эргэлт буцалтгүйгээр амтшин орсон тэрээр 2012-2015 онд “Орхон” сургуулийг эрх зүйч мэргэжлээр дүүргэв. Сурч байх хугацаандаа ч үүргээ биелүүлж байсан бөгөөд 2011-2022 онд Багахангай дүүргийн Замын цагдаагийн хэсэгт цагдаа зохицуулагчаар ажилласан “Ахлах ахлагч” юм.
25 жил тасралтгүй ажиллахдаа ард олон, төр нийгмийнхээ сайн сайхны төлөө олон гавьяатай үйл хийсний нэг нь 2015 оны олон үйлдэлт малын хулгайн хэрэг ажээ. Тодруулбал, Төв, Хэнтий, Говьсүмбэр зэрэг аймгуудаар дамжин дөрвөн тооны үхэр хулгай хийн, нядалж бэлтгээд Улаанбаатар хот руу оруулах гэж тээвэрлэн явсан дөрвөн этгээдийг хоёр албан хаагчийн хамт илрүүлжээ.
Тангараг өргөсөн цагдаа хүний бүх зүрх сэтгэл нь ажил алба, түмэн олны сайхан сайхны төлөө цохилдог. Б.Батбаатар одоо хэр нь тэр малын хулгайн гэмт этгээдүүдийн машины номерыг санадаг гэнэ. Энэ үйл явдлын тухай Тээврийн цагдаагийн албаны цахим хуудаснаа мэдээлж байсан бөгөөд гэр бүл нь ихэд бахархаж байжээ. Энэ бүх хөдөлмөрийг нь үнэлж Цагдаагийн ерөнхий газрын гавьяа, цэргийн хүндэт медаль, хөдөлмөрийн аварга ажилтан зэрэг цол тэмдгээр энгэрээ мялааж байв. Б.Батбаатар “Төрийн өмнөөс түмэн олны аюулгүй байдал, сайн сайхны төлөө ажилладаг нь бахархалтай. Мөн аавынхаа мэргэжлийг өвлөн авч, гурван үеэрээ төрийн хуулийг хэрэгжүүлж, иргэдийнхээ амар тайван амьдрах үйл хэрэгт бага ч болов хувь нэмрээ оруулсан минь манай гэр бүлийн үнэт зүйл билээ” хэмээсэн юм.
Өвөө, аавынхаа мэргэжлийг өвлөн ажиллаж буй дэд ахлагч Б.Халиунтай ярилцсан юм.
Б.Халиун: Удам дамжсан цагдаа гэхээр бахархууштай сайхан санагддаг
2024 он. Б.Батбаатар охин Б.Халиуны хамт.
-Удам залгаж цагдаагийн алба хаагч болсон байна. Энэ замнал руу хэрхэн орсон бэ?
-Би 1999 онд Багахангай дүүрэгт төрсөн. Төрсөн цагаасаа дүрэмт хувцастай, төрд зүтгэсэн хүмүүсээр хүрээлүүлсэн болохоор цагдаагийн мэргэжил сэтгэлд их дотно санагддаг. Хүүхэд байхдаа аав, өвөөгөөрөө бахархаж цагдаа болно гэж мөрөөднө.
Ахлах сургуульд байхдаа “Өсвөрийн сэргийлэгч” болж явлаа. 2016 онд оюутан болж Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшсэн.
Сургуулиа төгсөөд Налайх дүүргийн татварын хэлтэс, Багахангай дүүргийн Иргэдийн төлөөгчдийн хуралд ажиллаж байсан боловч сэтгэлийн мухарт багийн мөрөөдөл минь оршсоор байсан. Тэгээд гэр бүлийнхэндээ цагдаа болмоор байгаагаа хэлтэл их баярлаж хүлээж авсан. 2023 онд Дотоод хэргийн дээд сургуульд ахлагчийн курст сууж, цагдаагийн алба хаагчийн үндсэн мэдлэгээ эзэмшсэн. Багаасаа волейболын спортоор хичээллэж байсан болохоор гүйж, харайх хөдөлгөөний хувьд асуудал байгаагүй. Манай гэр бүл ер нь спортын хүмүүс. Аав маань сагсан бөмбөг тоглохоос гадна марш тактикт гүйж олон амжилт гаргасан байдаг. Ийнхүү өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сараас Тээврийн цагдаагийн албанд нярав хийж байна. Одоо дэд ахлагч цолтой.
-Гэр бүлийнхэн нь их сайхнаар хүлээж авсан гэж байна. Аав, өвөө нь юу гэж зөвлөдөг вэ?
-Би эхээс гурвуулаа, нэг эрэгтэй дүүтэй. Аавын минь бодолд дүүг маань удам залгуулж цагдаа болгох битүүхэн хүсэл байсан гэдэг. Гэвч дүү минь цагдаа болоогүй. Харин би гэнэтийн шийдвэрээр энэ замыг сонгосон. Аав маань энэ мэдээг сонсоод баярлаж, бахархаж хүлээж авсан.
“Миний охин цагдаа хүн ард иргэдийнхээ амгалан тайван байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч ажилладаг мэргэжил шүү. Харьцаанаас харилцаа үүсдэг учир хүнтэй зөв боловсон харилцаж байгаарай. Хамгийн гол нь хүнтэй тэгш харьцаж яваарай, ялгаж харьцах шиг муухай зүйл үгүй. Хүн хаана ч нэг л амьдардаг” гэж захидаг.
Манай үеэл бас цагдаа, надаас хоёр жилийн өмнө албаа эхлүүлсэн. Өвөөгөөс үлгэр дуурайлал авч хоёр хүү, хоёр ач охин нь энэ албаны хүмүүс болсон байна. Өвөө маань одоо гавьяаны амралтдаа гараад мал маллаж байна. Өргөсөн тангарагтаа үнэнч дайчин байгаарай л гэж захидаг даа.
-Тангараг өргөж цагдаа болсон бол бие бүрэлдэхүүнтэй хамт үүрэг гүйцэтгэдэг. Энэ хугацаанд авсан мэдрэмж арай өөр байсан болов уу?
-Шаардлагатай тохиолдолд буюу сонгууль, айлчлалын үед дайчлагдаж хамгаалалтад гардаг. Үүрэг хүлээсний дараа хамгийн анх “Уусан бол бүү жолоод” арга хэмжээнд оролцож, жолоочдын аюулгүй байдлыг хангах үүднээс нэг цагдаатайгаа хамт зам дээр шалгалт хийсэн. Энэ мэт олон үйл ажиллагаанд оролцдог. Дүрэмтээ өмсөөд, тушаал биелүүлээд зогсож байхад хүмүүс их сайхан хүлээж авдаг. Эмэгтэй цагдаа байна, ямар гоё юм бэ зэрэг үг хэлэх нь өөрөөрөө, албаараа бахархах сэтгэл улам төрүүлдэг. Тэр тусмаа хүүхдүүд цагаан малгайтай эмэгтэй замын цагдаа байна гэж сайхнаар хүлээж авдаг. Зөв үлгэр дуурайлал болж явахыг боддог. Жилийн хугацаанд ажиллаж байгаа ч түмэн олныхоо сайн сайхны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, үнэнч шударга ажиллахыг хичээдэг. Мөн удам дамжсан цагдаа гэж хамт олон минь хүндэлж харьцдаг тул удмын бахархлаа өндөрт өргөхийг хичээж явна.
Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин