ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД “ЭРСДЭЛГҮЙ ИРЭЭДҮЙ” УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Их, дээд болон коллеж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2023-2024 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Боловсролын ерөнхий газрын Нийслэлийн боловсролын газар, Тээврийн цагдаагийн алба, Тээврийн прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хүүхдийн зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хичээл эхэллээ” арга хэмжээний хүрээнд “Эрсдэлгүй ирээдүй” урьдчилан сэргийлэх өдөрлөгийг өнөөдөр /2023.08.30/ Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн урд талбайд зохион байгуулагдлаа.
Уг арга хэмжээ энэ оны 08 дугаар сарын 25-наас 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Арга хэмжээний хүрээнд оюутан, сурагч, хүүхэд багачуудыг гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Мөн хүүхдийн аюулгүй байдлыг хангахын тулд Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтан, сургуулийн удирдлагуудтай дөрвөлсөн гэрээ байгуулж, гэр сургуулийн маршрут, School police эргүүлээр ажиллах 1000 эцэг, эх, асран хамгаалагч нарт цацруулагчтай хантааз тараан өгч олон төрлийн арга хэмжээг зохион байгууллаа.
Энэ оны эхний 07 дугаар сарын байдлаар цагдаагийн байгууллагад бага насны хүүхэд өртсөн 441 осол бүртгэгдсэн. Хичээл сургууль эхэлж байгаатай холбоотойгоор хүүхдийн хөл хөдөлгөөн эрс нэмэгддэг учраас жолооч нарыг анхаарал болгоомжтой явахыг уриалж, энэхүү үүрэг хариуцлага дээр нэмэгдээд эцэг, эхчүүдийг гараас гарт хөтөлбөрийг хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатайг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж: https://police.gov.mn/a/6661