Хотоос хөдөө орон нутаг руу чиглэсэн шилжих хөдөлгөөний бүсийн хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт боллоо
Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахаар, түгжрэлийг бууруулах, хотоос хөдөө орон нутаг руу шилжих хөдөлгөөнийг дэмжих, орон нутгийн болон бүс нутгийн хөгжлийг дэмжих бодлого барин ажиллаж байгаатай холбоотойгоор "Хотоос хөдөө орон нутаг руу чиглэсэн шилжих хөдөлгөөний бүсийн хэлэлцүүлэг" өнөөдөр Дархан-Уул аймагт боллоо.
Ерөнхий зохион байгуулагчаар ЗГХЭГ, “Хот, хөдөөгийн сэргэлт” ажлын хэсэг, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага, хамтран зохион байгуулагчаар Дархан-Уул аймгийн ЗДТГ, Орхон аймгийн ЗДТГ, Булган аймгийн ЗДТГ, Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ууд ажиллаж байна. Төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, шилжин суурьшигч иргэд, хэвлэл мэдээллийн төлөөлөл бүхий 80 орчим хүн хэлэлцүүлэгт оролцсон юм.
Хотоос хөдөө рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг дэмжихэд аймгуудын нэгдсэн оролцоог нэмэгдүүлэх, бүсчилсэн хөгжлийн бодлого дор аймгууд нийгэм, эдийн засаг, шилжилт хөдөлгөөнийг зохистой удирдах, зохицуулах нэгдсэн үзэл баримтлалыг бий болгох, төвлөрлийг сааруулах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх талаар хэлэлцлээ.
Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-д хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах зорилтыг тусган хэрэгжүүлж, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуй нэгж, байгууллагыг дэмжих арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийг байгуулаад байгаа.
Бүсчилсэн хөгжлийг дэмжих, орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгжийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд ЗГХЭГ, НЗДТГ, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага хамтран 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотноо хотоос хөдөө орон нутаг руу шилжих хөдөлгөөний анхдугаар хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан юм.
“Алсын хараа-2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсаны дагуу Хот Хөдөөгийн сэргэлтийг хангахад Хангайн бүсийн хөгжил чухал ач холбогдолтой бөгөөд Хангайн бүсэд шинэ суурьшлын бүс, шинэ дагуул хотууд хөгжихөөс гадна аялал жуулчлал, эрчимжсэн хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн зохистой хослол бүхий Монгол Улсын хөгжлийн тулгуур бүс нутаг юм.
Хэлэлцүүлэгт нийгэм, эдийн засаг, шилжилт хөдөлгөөний шинж байдал, үзүүлэлтээрээ харилцан хамаарал бүхий Дархан-Уул, Орхон, Булган болон Сэлэнгэ аймгууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд аймгуудын хөгжлийн бодлогын уялдааг хангах, шилжилт хөдөлгөөний үзэл баримтлалыг нэгтгэхэд чухал ач холбогдолтой хэлэлцүүлэг боллоо гэж Сангийн яамнаас мэдээлэв.