“ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АШИГЛАЛТЫН ЖУРМЫН ЭСРЭГ, ГЭМТ ХЭРГИЙГ ШАЛГАХ, ШИЙДВЭРЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дотоод хэргийн их сургууль, Мөрдөн байцаах албатай хамтран “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаанд анхаарах асуудал” сэдэвт цахим хэлэлцүүлэг, сургалтыг Мөрдөн байцаах албаны хурлын танхимд зохион байгууллаа.
Сургалтад Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, дүүргүүд дэх Замын цагдаагийн хэлтсийн чиглэлийн ахлах зохицуулагчид танхимаар, 21 аймгийн мөрдөгчид цахимаар оролцлоо.
Мөн Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, процессын тэнхимийн эрхлэгч, Хууль зүйн ухааны доктор (Ph.D), цагдаагийн хурандаа Б.Цогтбаатар, Замын цагдаагийн тэнхимийн эрхлэгч, Монгол Улсын зөвлөх инженер, техникийн ухааны доктор (Ph.D), цагдаагийн дэд хурандаа Н.Ганбат, Монгол Улсын зөвлөх инженер, “Замын хөдөлгөөнд оролцогчдын төлөө” ТББ тэргүүн, цагдаагийн бэлтгэл хурандаа Р.Мөнхбаяр, Замын цагдаагийн тэнхимийн ахлах багш, цагдаагийн хошууч Т.Анхбаяр нар оролцсон юм.
Цахим хэлэлцүүлэг, сургалтын гол зорилго нь тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг, гэмт хэргийг шалгах, шийдвэрлэх үйл ажиллагаанд тулгамдаж буй өнөөгийн байдал, асуудлын талаар хэлэлцэж, тухай хэргийг шалган шийдвэрлэх, мөрдөн шалгах үйл ажиллагаанд анхаарах асуудлын талаар таниулан ойлгуулсан юм.
Сургалтын хүрээнд “Хүн-Автомашин-Зам-Орчин /ХАЗО/ системийн ойлголт” сэдвээр цагдаагийн бэлтгэл хурандаа Р.Мөнхбаяр, “Зам тээврийн ослын нөхцөл байдал, шалтгааныг тогтоох ажиллагаа” сэдвээр Замын цагдаагийн тэнхимийн ахлах багш, цагдаагийн хошууч Т.Анхбаяр нар сургалт зохион байгуулж, зам тээврийн ослын газрын үзлэг, тухайн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа, мөрдөгчийн магадалгаа, шинжилгээ хийлгэж, шинжээч оролцуулах үйл ажиллагаа сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хэлэлцүүлгээс мөрдөгчдөд тусгай мэдлэг олгох мэргэшүүлэх богино хэмжээний чадавхжуулах сургалтыг дахин зохион байгуулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын өнөөгийн түвшинг тодорхойлох сургалт, судалгааны ажлыг эрчимжүүлэхэд практик байгууллагатай хамтран ажиллах зэрэг санал гарч, удирдлагууддаа танилцуулан шийдвэрлүүлэхээр боллоо.
Эх сурвалж: Дотоод хэргийн их сургууль