“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА, ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Монгол Улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нэгдсэн үндэсний байгууллагын “Хүүхдийг ивээх сан”-тай хамтран “Замын хөдөлгөөний Аюулгүй байдлын төлөө хамтдаа” бүсчилсэн сургалт зөвлөгөөнийг баруун бүсэд Увс, төвийн бүсэд Дархан-Уул, говийн бүсэд Өмнөговь, хангайн бүсэд Архангай, зүүн бүсэд Хэнтий зэрэг аймгуудад 2022 оны 11 сарын 30-наас 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Бүсчилсэн сургалт, зөвлөгөөн Хэнтий, Дархан-Уул, Архангай, Өмнөговь, Увс аймгуудад нэгэн зэрэг эхэлсэн бөгөөд зөвлөгөөнд 21 аймаг, алслагдсан 3 дүүргийн ИТХ, түүний ажлын алба, Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга, замын цагдаагийн нэгжийн дарга, Авто тээврийн болон Авто замын асуудал хариуцсан байгууллага, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Тээврийн цагдаагийн албаны төлөөлөл бүхий нийт 226 албан тушаалтан тус тус оролцож байна.
Мөн сургалт, зөвлөгөөний хүрээнд Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газрын алба хаагчдад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Тээврийн цагдаагийн албаны сургагч багш нар танхимаар Зам тээврийн хэрэг, ослыг шалгах ажиллагаа, Тээврийн хэрэгслийн болон авто замын аюулгүй байдалд тавих хяналт, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллагыг татан оролцуулах, хүүхдийг зам тээврийн ослоос хэрхэн сэргийлэх гэсэн сэдвүүдээр, Тээврийн прокурорын газраас цахимаар Зам тээврийн хэрэг, ослыг шалгахад анхаарах асуудал сэдвээр тус тус сургалтыг зохион байгуулж байна.