• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

АВТОМАШИНЫ УТААТАЙ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2022-11-25
АВТОМАШИНЫ УТААТАЙ ХОЛБООТОЙ ХАМТАРСАН  ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

Тус албанаас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны даргын баталсан “Нийслэлийн хэмжээнд автомашины яндангаас гарах утаанд хяналт, шалгалт хийх” удирдамжийн хүрээнд Агаарын тухай хууль, Автотээврийн тухай хууль, байгаль орчныг хамгаалах талаар гаргасан бусад хууль тогтоомж дүрэм, журам стандартын хэрэгжилтийг хангах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан А/424, А/1353 тушаал, захирамжаар шинэчлэн баталсан Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд автозамын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн яндангаас гарах хаягдал утаа нь стандартын шаардлага хангаж буй эсэхэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Тээврийн газар, Автотээврийн үндэсний төвийн явуулын оношилгооны техник хэрэгсэл, инженер техникийн ажилтнууд болон бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан хяналт шалгалтыг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 12 дугаар сарын 18-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэхүү хяналт шалгалтын хүрээнд энэ оны 11 сарын 14-нөөс 21-ний өдрийн хугацаанд Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах бүс, хот руу шалган нэвтрүүлэх постуудаар зорчиж байсан тээврийн хэрэгслүүдээс ялгарах утааны хэмжээ MNS:5013 “Бензин хөдөлгүүртэй автомашин- утааны найрлага дахь хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга,” MNS5014 “Дизель хөдөлгүүртэй автомашин- утааны тортогжилтын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга” стандартуудын шаардлагад нийцэж байгаа эсэхийг оношилгооны төхөөрөмж, техник хэрэгслийн тусламжтайгаар шалгахад 431 тээврийн хэрэгслийн яндангаас гарах утааны хорт бодис, тортогжилтын хэмжээ хэтэрсэн байсныг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн 14.7.15-д заасны дагуу торгуулийн шийтгэл оногдуулж, зөрчлийг арилгах талаар тээврийн  хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нарт анхааруулж ажиллаж байна.  

Иймд тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтад зааснаар тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон байдгийг анхаарна уу.