• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

Ачааны авто машинууд даац хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцож байна

2021-07-30
Ачааны авто машинууд даац хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцож байна

Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд оролцож буй ачааны авто машинд Монгол улсын “Авто тээврийн тухай”, “Авто замын тухай”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хууль, НИТХ-ын 102 дугаар тогтоол болон эрх бүхий байгууллагаас батлан гаргасан дүрэм, журам, стандартын биелэлтийн байдалд хяналт шалгалтыг батлагдсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулдаг. Улаанбаатар хотын авто замын  урсгал засвар болон өргөтгөл шинэчлэлтийн ажил Монгол улсад мөрдөгдөж байгаа стандартын дагуу хийгдэг. Энэхүү стандартаар нэг хөтлөгч тэнхлэг дээрх хамгийн их ачаалал 11,5 тн, хөтлөгдөх тэнхлэг дээрх хамгийн их ачаалал 10 тонноос ихгүй байна гэж заасан.

Гэсэн ч ачааны автомашинууд даац хэтрүүлэн замын  хөдөлгөөнд оролцох зөрчлийг гарсаар байна.

Нэг тэнхлэгт оногдох даацыг хэтрүүлснээр авто замын зорчих хэсэгт дугуйн мөрний ховил үүсэх, суурь бүтцэд нөлөөлөх, тэгш хэмийг алдагдуулан авто замд эвдрэл гэмтэл үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг. Нийслэлийн Авто замын хөгжлийн газар Тээврийн цагдаагийн алба, Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэстэй хамтран долдугаар сарын 28-нд хяналт, шалгалт хийлээ.  Ачааны 35 автомашинд тэнхлэг даацын шалгалт хийхэд 12 тээврийн хэрэгслийн жолооч норм стандартаас хэтрүүлэн ачаа тээвэрлэж, замын хөдөлгөөнд оролцож байв. Түүнчлэн энэ сард 6 удаагын шалгалтаар 103 ачааны авто машины ачаа тээвэрлэлтэд хяналт шалгалт хийхэд 68 ачааны авто машин нь нэг тэнхлэгт оногдох даац хэтрүүлсэн зөрчил илэрсэн. Иймд тус газар нь 2021 оны 05 сарын 01-ний өдрөөс эхлэн Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллах гэрээ байгуулан Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомж, норм стандандартын хэрэгжилтэд хяналт тавихаар Тээврийн цагдаагийн албатай хамтран ажиллаж эхэлсэн юм.