БИД МАРТАХГҮЙ
Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийг ойг тохиолдуулан амь эрсэдсэн алба хаагчдынхаа гэгээн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор бүтээсэн “Бид мартахгүй” хүндэтгэлийн хөшөөний нээлтийн арга хэмжээтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн албанаас төр ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ариун үүргээ биелүүлж яваад алтан амиа алдсан алдартнуудынхаа гэгээн үйлсийг дурсаж, ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд албан үүргээ гүйцэтгэж байгаад харамсалтайгаар амь насаа алдсан 9 алба хаагчийн гэр бүлийн гишүүд оролцлоо.
Тээврийн цагдаагийн албаны хамт олон бид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах их үйлсэд төр түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж албаныхаа төлөө алтан амиа зориулсан алдартнуудынхаа ажил үйлс, хүсэл, мөрөөдлийг нь үргэлжлүүлэн авч яваа гэдгээ албаны бие бүрэлдэхүүнийхээ өмнөөс гэр бүлийн гишүүдэд илэрхийлэн хүндэтгэл үзүүллээ.
Анд нөхдийн минь ариун хүсэл, ар гэрийнхэн
та бүгдийн итгэл бидний урагшлах замын гэрэл нь байх болно