"ИРЭЭДҮЙГЭЭ ХАМГААЛЪЯ" АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ОРОН НУТГИЙН АВТО ЗАМД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ХИЙЖ БАЙНА
Архангай аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор орон нутгийн замд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Энэ оны 06 дугаар сарын 25-аас 28-ны өдрүүдэд хяналт шалгалтын цэгүүдээр нийт 1400 тээврийн хэрэгсэл шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 3, хамгаалах бүс хэрэглээгүй 58, тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн 52, гэрэлтүүлэх хэрэгсэл буруу хэрэглэсэн 8, бүрэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсон 57, бусад 311 зөрчил илрүүлж учирч болох аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Иймд иргэд, зорчигч та бүхэн бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцдог, хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлдэг, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолооддог буруу зуршилтай жолооч нарт шаардлага тавин хөдөлгөөнд оролцуулахгүй байх хэрэгтэй.
Зам тээврийн ослын хор уршиг нь цагдаагийн байгууллагад бус иргэн таны амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, гэр бүлд нөхөж баршгүй гарз, хохирол авчирдаг гэдгийг санаж хайртай бүхнийхээ төлөө хариуцлагатайгаар хөдөлгөөнд оролцохыг УРИАЛЖ байна.
Мөн Цэцэрлэг-Тосонцэнгэл сумын чиглэлийн АО602, АО603 дугаартай замд осол хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор осол ихээр бүртгэгддэг 13 байршилд урьдчилан сэргийлэх санамж, сэрэмжлүүлэг бүхий самбар байршууллаа.