ТӨВ, ОРОН НУТГИЙН АВТО ЗАМД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЦАГИЙН МЕНЕЖМЕНТИЙН ДАГУУ ХИЙЖ БАЙНА
Нийслэл хотоос орон нутаг руу чиглэсэн иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбогдуулан Тээврийн цагдаагийн албанаас төв, орон нутгийн цагдаагийн байгууллагатай хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлж, иргэдэд таатай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор улсын болон орон нутгийн чанартай замд уян хатан цагийн хувиараар хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Энэ оны 05 дугаар сарын 21-ээс 26-ны өдрүүдэд хяналт шалгалтын цэгүүдээр нийт 36,160 тээврийн хэрэгсэл шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 187, хамгаалах бүс хэрэглээгүй 835, тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн 251, гэрэлтүүлэх хэрэгсэл буруу хэрэглэсэн 117, бүрэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсон 1554, бусад 3400 зөрчил илрүүлж учирч болох аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Иймд иргэд, зорчигч та бүхэн бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцдог, хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлдэг, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолооддог буруу зуршилтай жолооч нарт шаардлага тавин хөдөлгөөнд оролцуулахгүй байх хэрэгтэй.
Зам тээврийн ослын хор уршиг нь цагдаагийн байгууллагад бус иргэн таны амь, эрүүл мэнд, эд хөрөнгө, гэр бүлд нөхөж баршгүй гарз, хохирол авчирдаг гэдгийг санаж хайртай бүхнийхээ төлөө хариуцлагатайгаар хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.