• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ЦАГДААГИЙН БЭЛТГЭЛ ХУРАНДАА Д.ГАНБОЛД: ХҮН ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ ГАРГАЖ, ШАРГУУ ХӨДӨЛМӨРЛӨВӨЛ ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТДЭГ ЮМ. ТҮҮНИЙ ТОД ЖИШЭЭ БИ БАЙНА

2021-06-22
ЦАГДААГИЙН БЭЛТГЭЛ ХУРАНДАА Д.ГАНБОЛД: ХҮН ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ ГАРГАЖ, ШАРГУУ ХӨДӨЛМӨРЛӨВӨЛ ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТДЭГ ЮМ. ТҮҮНИЙ ТОД ЖИШЭЭ БИ БАЙНА

Улаанбаатар цагдаагийн хүрээний ерөнхий зохицуулагч, Нийслэлийн цагдаагийн газрын Хяналт, шалгалт, аюулгүй байдал, ёс журмын хэлтсийн Ёс журмын хэсгийн даргаар ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт гарсан цагдаагийн хурандаа Д.Ганболдтой цөөн хором ярилцсаныг уншигч та бүхэндээ хүргэе.

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ажлын анхны томилолт хаана, ямар газар, хэлтэст, ямар албан тушаалд томилогдож байсан талаар яриагаа эхлүүлье.

Энэхүү ярилцлагыг уншиж буй та бүхний амар мэндийг эрж мэндчилье. Цагдаагийн дээд сургуулийг 1995 онд дунд мэргэжлээр анхных нь төгсөгчөөр төгсөж “Цагдаагийн дэслэгч “ цолоор шагнуулж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн 6 дугаар хороо хариуцсан хэсгийн байцаагчаар анх томилогдон ажиллаж байлаа. Оюутны хотхонд тухайн үеийн ширүүн нөхдөд дэг журам сахиулж гэх үү дээ. /инээв/

Тун удаагүй хагас жилийн дараа  эрхэлсэн ажил, хөдөлмөр маань сургуулийн захирал, багш,  дарга , удирдлагуудын чихэнд хүрч намайг ихэд тоох болсон юм шиг байгаа юм. Ингээд тэр жилдээ 11 дүгээр сард нь  төгссөн сургуульдаа дамжааны захирагч, дараа нь сумангийн даргаар тус тус дэвшин томилогдож, ажиллаад  Цагдаа, дотоодын цэргийн сумангийн олон дарга, захирагч  нарын дундаас  “Ажил, мэргэжлийн аварга”, “Хөдөлмөрийн аварга”- аар хэд, хэдэн удаа шалгарч шагнагдаж явсан түүхтэй. Залуу эрч хүчтэй ч байж дарга удирдлагууд маань надад итгэл үзүүлж байхад итгэлийг нь алдаж болохгүй гэж их л хичээж ажилладаг байсан. Ёстой нөгөө галзуу барын аманд нь гараа хийхээс ч буцахгүй явлаа. /инээв/

Өөрийн ажлын арга, барил болон онцлогийн талаар ярихгүй юу?

Миний ажлын арга, барил гэж нэг их онцлоод байх ч юу байх вэ, бусдын л адил ажиллаж, хөдөлмөрлөж ирсэн хүн шүү дээ. Тэр үеийн дарга, удирдлагууд, ажлын хамт олноос минь надад маш их итгэл хүлээлгэж, ачааны хүндийг үүрүүлдэг байсан болохоор нь түүндээ урамшиж хичээл, зүтгэл, цаг заваа зөвхөн албандаа гаргаж явсныхаа буянаар Монголын цагдаагийн байгууллагын Сайшаалын үнэмлэх, Баярын бичиг, Жуух бичгүүдийг  хүртсэн байх.  

 Зөвхөн албандаа л бүх цаг, заваа зориулж ирсэн минь намайг олон ажлын байр, албан тушаалд дэвшүүлэн томилох үндэслэл нь болж байсан юм болов уу гэж боддог. Хүн гэдэг сэтгэлийн амьтан шүү дээ. Итгэл хүлээлгээд даалгасан ажлыг хамгийн сайнаараа хичээж хийхгүй бол болохгүй. Заримдаа зөвхөн би л хийж чадах учраас энэ ажлыг надад хариуцуулсан байх гэж өөрийгөө хурцалдаг байлаа. /инээв/. Өөрийн удирдлагадаа, хажууд байгаа алба хаагчдаа сайн сургах, мэдлэг, мэргэжлийн ур чадвартай болгох, тэдний үйл ажиллагаагаар дамжуулж нийт бие бүрэлдэхүүнд хүрч ажиллахыг эрмэлзэж явсан минь үр дүнгээ өгсөн гэж боддог.

Таныг их зарчимч, ажилдаа хариуцлагатай ханддаг гэж алба хаагчид ярьдаг юм билээ. Тийм ч болохоор энэ албан тушаалд томилдог байсан байх?

Ажил хөдөлмөр хийж, албан үүрэг гүйцэтгэж явахдаа гэр бүлийнхэнтэйгээ баяр, хөөр тэмдэглэж яваагүйгээ, тийм зав ч үгүй явснаа тэтгэвэрт гарсан хойноо ойлгож мэдэрсэн хүн дээ. Үүнийг минь л эрхэлсэн ажилдаа хариуцлагатай явж ирсэн гэж түмэн ойлгож, үнэлдэг байсан юм болов уу даа. Хэдийгээр би ажил, ажил гэж гэр бүлээ орхигдуулсан ч нэгэнт гэр бүлдээ цаг зарцуулж чадахгүйгээс хойш ажилдаа л бүх хүчээ зориулъя гэж шаргуу хөдөлмөрлөсөн минь үр дүнгээ өгсөн байх гэж боддог.

Гэр бүл, ажлын аль нэгэнд нь арай илүү анхаарал, цаг хугацаагаа зарцуулахаар нөгөөх нь орхигдох гээд байдаг талтай. Хэдийгээр хоёуланд нь цаг заваа гаргаад явж болох байсан ч нэгэнт хийж байгаа ажлаа чанартай л хийхгүй бол хүний нүд хуурсан хэрэг болно. Тэгээд ч үүнийг хийж чадна гээд тангараг өргөөд Монголын цагдааг төлөөлж явсны хувьд алдаа гаргаж, нэрийг нь сэвтээxчих зүйл хийчихгүй юмсан гэж цаг үргэлж бодож, хэрэгжүүлж ирсэн. Харин энэ бүх зүйлийг минь ойлгоод намайг орхилгүй хамт байсан хань даа маш их баярладаг. Эхнэр маань хүний их эмч мэргэжилтэй, Анагаах Ухааны Доктор цолтой, эрүүл мэндийн байгууллагад насаараа зүтгэж  яваа нэгэн. Адилхан төрийн алба хаагч учир ажлыг минь ойлгож, хүндэлдэг байсан байх.

Цагдаа, цэргийн байгууллага хамгийн дэг журамтай алба. Алба хаагчдын дэг журам, ёс зүйн хэм хэмжээг зохицуулах  үүнийг зааж сургаж, хяналт тавьдаг хэсгийг удирдана гэдэг амаргүй ажил байх? Нэг ёсондоо цагдаагийн байгууллагын нүүр царай, үйл ажиллагаа, ёс зүй ямар байх нь та бүхнээс хамаардаг байх?

“Улаанбаатар цагдаагийн хүрээ”-г удирдах гурван албан тушаалтны нэг нь байна гэдэг хэн хүн бүхэн хийж, гүйцэтгэчих амархан ажил биш гэж үздэг дээ.

Нийт бие бүрэлдэхүүн хаана л байна, өдөр, цаг, хором бүрд тэдэнтэй хамт байх зүй ёсны шаардлага тулгардаг юм. Хүрээний бие, бүрэлдэхүүн нийтээр хаана л үүрэг гүйцэтгэнэ, /гадаад, дотоод, хөдөө, орон нутагт ч/ тэр бүхний дэргэд нь алба хаагч бүрд түшиг тулгуур нь болж хайрлаж, хүндэтгэж, хамгаалж, тэднийг чиглүүлж, зааварчилж, удирдаж  явах учиртай. Алба хаагчидтай алхам бүрд нь хамт байж, дэргэд нь зааж, сургаж, давтуулж, дадлагажуулж байж л үр дүн нь ямагт сайнаар илэрч байдаг юм.  

Бүрэлдэхүүнийг дэгтэй, журамтай байлгах асуудлыг тухайн үед хариуцан, удирдаж байгаа  дарга, захирагч л шийдвэрлэдэг учраас туйлын хариуцлагатай байхыг тухайн албан тушаалтнаас шаарддаг хүнд ажлын нэг дээ, тийм ч учраас бид цаг наргүй хөдөлмөрлөж ирсэн.

Цагдаагийн албаны бие бүрэлдэхүүний дундаас харьцааны урлаг, эв дүйтэй, бичиг хэргийн өндөр соёлтой, мэдлэг, мэргэжлийн ур чадвартай, ажил зохион байгуулах, удирдан чиглүүлэх, зааж зөвлөж, сургах чадвартай, сахилга баттай  алба хаагчдыг  сонгон шалгаруулж байж ажиллуулах ёстой газар бол ёс журмын хэсэг  байгаа юм. Ийм алба хаагчдыг бүрдүүлж байж гэмээн урагшаа явдаг онцлогтой ажил л даа.

Алба хаагчид ёс зүйн хувьд юун дээр түлхүү алдаа гаргадаг вэ? Ёс журмын хэсгийг удирдаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг байсан хүний хувьд зөвлөгөө өгөхгүй юу ?

Шилдэг тэргүүний  алба хаагч гэдэг нь албаны тухай хууль, дүрэм, журам, зааврыг сайн мэдэж, уншиж, танилцсан, түүнийгээ ажил, амьдралдаа хэрэгжүүлж яваа алба хаагчийг л хэлж байгаа юм шүү дээ.  Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид өндөр сахилга баттай, ажлын хариуцлагатай, өргөсөн тангарагтаа үнэнч байж л албан үүргээ ёсчлон биелүүлдэг учиртай.

Тэр дундаа “Цагдаагийн албаны тухай” хууль, “Цагдаагийн хүрээний”, “Сахилгын” , “Ёс зүйн дүрэм”-үүд, өөрийн ажил, албаны хэмжээнд хэрэглэгдэх, дагаж мөрдвөл зохих дүрэм, журам, зааврууд,  “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам”-ыг маш сайн судалж, мэдэж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байж ажил, албан үүргээ сайн гүйцэтгэлээ гэж ярих эрхтэй болно. Алба хаагчдын тухайд хэн нэгний уруу таталт, буруу зуршил, харьцааны доголдол, Сахилгын болон ёс зүйн дүрэм”  зөрчих зэрэг нь өөрсдийг нь эрсдэлтэй байдалд хүргэдэг талтай. Хувь хүний хандлага бас их чухал. Хандлага л зөв бол алдсан ч алдаагаа дахин давтахгүй түүнээсээ суралцаж, хичээж үргэлж өсөн дэвшиж байдаг. Албандаа ямагт үнэнч, шударга хандаж байж л үр дүн нь харагддаг гэдгийг алба хаагч бүр мэддэг л байх ёстой, ажлыг үлгэн салган хийгээд амжилт гаргаад баатар болчихсон хүн гэж  би л лав сонсоогүй юм байна.

Цагдаагийн байгууллага өдөр бүр албаны бэлэн байдал хангахыг шаарддаг. Таны хувьд 26 жил завгүй ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарах мэдрэмж ямар байсан бэ?

Цагдаагийн байгууллагын алба хаагч нь бэлтгэл ажил, бэлэн байдлаа хангаж чадаж байж л тодорхой амжилтад хүрдэг нь гарцаагүй үнэн. Миний бие цагдаагийн байгууллагад 26 жил ажиллахдаа цөөхөн удаа ээлжийн амралт авч байсан. 2003 оноос хойш  Улаанбаатар хотыг бүхэлд нь хариуцан ажиллах болсон 14 жилийн хугацаандаа хоногт гурваас, дөрөвхөн цаг унтаж, ажиллаж амьдарсан байна лээ. Тэгэхээр ямар цаг хугацаа зарцуулж байж олон түмнийг, ард иргэдийг  амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг вэ гэдэг нь эндээс харагдах байх л даа.

Цагдаагийн байгууллагад 26 жил ажиллаж, албан үүргээ нэр, төртэй  гүйцэтгээд цэргийн байнгын тэтгэвэрт гарсан хойноо л бодож суухад  гомдох зүйлгүй, эргэж харамсах юмгүй сайн ажиллаж, хөдөлмөрлөсөн юм байна гэсэн мэдрэмж төрсөн дөө. Одоо харин гэр бүлдээ зарцуулж чадаагүй тэр цаг хугацаагаа нөхнө гэж бодсон ч бас санаснаар болохгүй юм. /инээв/

Алба хаагчид таныг төрөлхийн хөдөлмөрч хүн гэж ярьдаг нь үнэхээр үнэн юм байна гэж ярилцаж суухад бодогдлоо. Цэргийн байнгын тэтгэвэртээ гарсан ч цагдаагийн байгууллагын томоохон ёслолын арга хэмжээнүүдэд дэмжлэг туслалцаа үзүүлж заавар,  зөвлөгөө өгч одоо болтол хамтран ажиллаж байгаа нь таны хөдөлмөрч зангийн нэг илрэл байх?

Миний хувьд сайн багш нарын буян гэж боддог.  Маш сайн багш нараар цэргийн хэргийн эрдэм, мэдлэг заалгаж, эзэмшиж явсных байхаа. Багш нар маань ч бас сэтгэл зүрхээ албандаа зориулсан, өөрсдөөрөө бодит жишээ, үлгэр дуурайлал болсон хүмүүс. Цагдаагийн дээд сургуулийн Салбарын захирагч асан, гавьяаныхаа амралтад гарсан дэд хурандаа Жамбажавын Энхболд, тус сургуулийн штабын дарга асан дэд хурандаа Доржийн Төрмөнх нар  миний багш нар шүү дээ. Ингээд бодохоор тэд нараараа бахархахгүй байхын аргагүй. Цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнийг Монгол улсад ч, гадаадын зарим оронд ч ёслолын жагсаалд оролцох, цэрэгжилч байдал, дүрэмч ажиллагаа, эрдэм мэдлэг эзэмшсэнээ ард түмэнд харуулахад нь миний бие олон жилийн турш бэлтгэл ажлыг нь хангуулж явсандаа баярлаж, бахархдаг. Тийм ч учраас энэ албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан хүний хувьд Монголын цагдаад миний үүрэг, оролцоо хэрэг болж л байвал мэддэг, чаддаг, эзэмшчихсэн зүйлээ бусдад заахад цаг, заваа харамлаад байдаггүй юм. Харин ч надаас заавар, зөвлөгөө авах гээд ярихад нь баярлаж өөрийн мэдэх бүхий л зүйлсээ зааж, зөвлөхийг хичээдэг. Энэ маань албандаа, өргөсөн тангарагтаа одоо ч үнэнч хэвээр байгаа, та нарыгаа үргэлж дэмжиж ард талд чинь байгаа шүү гэдгийг минь илтгэж байгаа нэг хэлбэр гэж боддог.

Ярилцсанд баярлалаа. Танд орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн мэндийг хүргэе. Та нийт алба хаагчдадаа мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?

Баярлалаа. Хэвлэл мэдээллийн ажилтан, алба хаагч та бүхний ажил үйлс, цаашдын уран бүтээлд их амжилтыг ерөөе. Монгол улсын цагдаа, дотоодын цэрэгт албан үүрэг гүйцэтгэж явсан чөлөөнд байгаа генерал, комиссарууд, офицер, ахлагч, түрүүч, сонсогч, дайчдад болон одоо ажиллаж байгаа нийт бие бүрэлдэхүүн, тэдний  гэр бүлийнхэн, үр хүүхдүүд, ач, гуч, зээ нарт нь Монгол улсад цагдаагийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголын цагдаагийн яруу алдар мөнхөд бадрах болтугай.

Эх сурвалж. Цагдаагийн ерөнхий газар