Нэг цайны халбага архи жолоочийн баримжаалах чадварыг 30 хувь бууруулдаг
Соёлгүй, согтуу жолоочийн балгаар гэртээ ч амар тайван байж чадахгүй зам тээврийн осолд өртөж байгаа тохиолдол бий. Өөрөөр хэлбэл, замын хөдөлгөөнд оролцоогүй, гэртээ унтаж байгаад гэртэйгээ дайруулж гэмтсэн хэрэг цөөнгүй гарч байгааг эх сурвалжууд хэлж байсан юм. Согтуу жолоочийн соёлгүй үйлдэл, бусдад ямар гэм хор учруулж байгааг Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч, цагдаагийн дэслэгч Г.Далайжаргалаас тодрууллаа.
-Согтуу жолооч замын хөдөлгөөний ямар дүрэм их зөрчдөг вэ?
-Зарим жолооч наад зах нь цонхоороо хог, тамхины иш, нус цэрээ хаяхаас эхлээд урсгал сөрөх, уурлаж хашхирах, бусдыг доромжлох нь их байна. Энэ үзэгдлийг дурын иргэн хотын түгжрэл дундаас төвөггүй олж харна. “Замын хөдөлгөөний дүрэм бол амьдралын дүрэм” гэж цагдаагийн алба хаагчид бид хэлдэг. Согтуу жолооч хурд хэтрүүлж осол гаргадаг. Ийм ослын үед хүн нас барах тохиолдол их байдаг.
Нийт зам тээврийн осол хэргийн 21.6 хувь нь согтуу жолоочийн буруугаас болж гарч байна. Тиймээс замын хөдөлгөөний соёл жолооч танис эхэлнэ гэдгийг анхааруулмаар байна. Хувь хүн өөрөө дүрмээ биелүүлж сахилга, соёлтой хөдөлгөөнд оролцох нь бусдыг сайнаар үлгэрлэх хүний эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулахгүй байх хамгийн том амьдралын дүрэм юм.
-Согтуу жолооч замын цагдааг хэл амаар доромжлох нь их үү?
- Архи, согтууруулах төрлийн зүйл хэрэглэсэн жолооч нарыг үлээлгэхэд доромжилж хүний эрх зөрчлөө гэдэг. Зарим биед халдах нь ч бий. Согтуу хүмүүс өөрийгөө хир согтуу байгаадаа бодит дүгнэлт хийж чаддаггүй. Тэдний хувьд автомашин жолоодох нь өдөр тутам хийдэг энгийн зүйл мэт боддог. Осол гаргаад, хүн гэмтээсэн гэдгээ ч мэдэхгүй өөрийгөө өмөөрөх хүн ч таарч байлаа.
-Зарим жолооч бага уусан юм чинь гээд машин барих нь их байна. Ер нь архи уусан хүний жолоо барих чадвар ямар байдаг вэ?
- “За ганц л хундага уусан юм чинь гайгүй биз” гээд машинаа унаад гардаг. Энэ бол маш аюултай. Ердөө таван грамм буюу нэг цайны халбага орчим архи жолоочийн баримжаалах чадварыг 30 орчим хувиар бууруулдаг. Мөн 25 грамм архи сэтгэл хөөрлийг бий болгодог. Согтуурлын зэрэг нь тухайн хүний эрүүл мэнд, ядаргаа, сэтгэл санаа, дасан зохицох байдал, хоол унд хэрэглэсэн байдал зэргээс шалтгаална. Гадна орчинтой харьцах жолоочийн чадварт архины нөлөө их гэдгийг энэхүү үзүүлэлт харуулж байна. Иймд найз нөхөд, хайртай хүмүүс чинь архи уусан л бол жолоодох эрхийг түүнд бүү олго. Энэ нь та түүнийг осол аваараас цаашлаад амь насаа алдах, бусдын амь насанд халдах эрсдэлээс хамгаалж буй хэрэг юм. Тиймээс согтуугаар жолоо барихаас өөрөө татгалздаг байх, мөн хамт архи уусан нэгнийгээ жолоо бариулаад явуулдаггүй хамт олон, найз нөхөд олон байгаасай гэж хэлмээр байна.
эх сурвалж: Npost.mn