• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ЯВГАН ЗОРЧИГЧИЙГ МӨРГӨӨД ЗУГТААСАН ЖОЛООЧИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ.

2020-06-25
ЯВГАН ЗОРЧИГЧИЙГ МӨРГӨӨД ЗУГТААСАН ЖОЛООЧИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ.

Тээврийн цагдаагийн албанаас “Гарцаараа гарцгаая” аяныг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. Арга хэмжээний хүрээнд явган зорчигчид зам тавьж өгөөгүй нийт 3664 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцож ажилласан байна.

Зам тээврийн осол, хэрэг гаргасан жолооч үүргээ биелүүлэхгүй, ослын улмаас гэмтсэн хүнд яаралтай тусламж үзүүлэхгүй, ослыг газрыг орхиж явах зөрчил Гарцаараа гарцгаая аяны хугацаанд илэрлээ. Тухайлбал: Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө, “Зүүн хүрээ” хотхоны хойд замд зогсоолын хэсэгт 2020 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 21 цаг 45 минутын орчим Toyota Crown маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 24 настай, эрэгтэй М-ийг мөргөөд, ослын газрыг орхиж явсан хэргийг Тээврийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид шуурхай ирүүлж ажиллаа.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийн өөрт хамааралтай заалт, шаардлагыг сахин биелүүлж, явган зорчигч нь явган хүний гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарч хэвших, жолооч явган хүний гарцан дээр зам тавьж өгсөн тохиолдолд зорчих хэсэг дээр алгуурлалгүй, түргэн шуурхай зам хөндлөн гарах, мөн чихэвч зүүсэн үедээ зам хөндлөн гарахгүй байхад анхаарна уу.

Харин жолооч та явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигч зам хөндлөн гарахаар завдаж байвал түүнд зам тавьж өгөх, мөн хөдөлгөөн эхлэх үедээ тээврийн хэрэгслийн ард болон урд хэсэгт саад байгаа эсэхийг шалгаж, аюулгүй байдлаа хангаарай.

Жич: 3ам тээврийн осол гаргаж, бусдад эд материалын хохирол учруулаад жолооч ослын газрыг орхиж зугтаасан тохиолдолд:

- Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.18-д заасны дагуу нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн заалттай.

Харин хүний эрүүл мэндэд хохирол учруулсан жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол:

- Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.11-д Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулсан жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх хуулийн заалттай.