ИРГЭД, ЖОЛООЧ НАРЫН АНХААРАЛД
Тууш замын болон 21 аймаг, нийслэл хотоос орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Улсын онцгой комиссын 5 дугаар хуралдаанаар улс, хот хоорондын зорчигч болон ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг шинэ төрлийн корона вирусийн халдвараас иргэд, олон нийтийг урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 02 дугаар сарын 23-ны өглөөний 08:00 цагаас 2020 оны 02 дугаар сарын 27-ны өглөөний 08:00 цаг хүртэл бүрэн хориглох шийдвэр гарсан. Мөн дээрх өдрүүдэд галт тэрэгний хөдөлгөөнийг ч хориглосон.
Уг шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэлийн баруун, зүүн, хойд, урд чиглэл /Эмээлт, Шинэ 22-ын товчоо, Өлзийт шалган нэвтрүүлэх товчоо, Баянзүрхийн товчоо, Ар гүнтийн пост, Туул тосгон-Био, 361 гарам/-ийн хотоос орох, гарах бүх төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах байнгын хяналтын цэгүүдэд цагдаагийн байгууллагаас бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт тавина.
Иймд ард иргэд та бүхэн батлагдаагүй зам, замгүй хэсгээр уул, ус, хад асгатай газраар зорчиж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, занал учруулахгүй гэдэгт бид итгэж байна.
Хориглолт тогтоосон өдрүүдэд цаг агаарын байдал муудаж, их хэмжээний цас орж халтиргаа гулгаа үүсэж, замын нөхцөл байдал хүндэрч болзошгүйг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна!!!
Жич: Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх дүүргүүдийн алслагдсан хэсэг болох Туул тосгон, Био комбинат, Өлзийт хороолол, 361 гарам зэрэг рүү орж гарахад жолооч нарын тэнд оршин суудаг болохыг тодорхойлсон иргэний бичиг баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрх бүртгэлийн хаяг, албан байгууллагад ажилладаг болохыг нотолсон ажлын үнэмлэх, ажлын томилолт зэргийг биедээ авч явж, хяналт тавьж буй алба хаагчдад танилцуулж шийдвэрлүүлнэ.
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА