БАЯРТ МЭДЭЭ: Тээврийн цагдаагийн албаныхан зургаан настай ОХИНЫ АМИЙГ АВАРЧЭЭ
Эх сурвалж: www.arslan.mn
Тээврийн цагдаагийн албаныхан өчигдөр зургаан настай хүнд өвчтэй хүүхдийн амийг аварсан баярт мэдээг хүлээн авлаа. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн тасгийн хамт олон болон эмнэлгийн удирдлагуудаас Тээврийн цагдаагийн албаны хамт олонд зургаан настай бяцхан охины амийг аврах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлсэн юм.
Тодруулбал “Сонгинохайрхан дүүгийн захын гэр хорооллоос Халдварт өвчин судлалын үндэсний төв хүртэл явахад нэг талдаа цаг гаруй хугацааг зарцуулдаг. Тус дүүргээс амь нас нь дээсэн дөрөөн дээр байсан зургаан настай охиныг яаралтай эмнэлэгт хүргэх шаардлагатай болсон байна.
Энэ үеэр Тээврийн цагдаагийн албаны хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж охиныг 13 минутын дотор Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сэхээн амьдруулах тасагт авчирснаар охины амь насыг аварч чаджээ. Хэрэв энэ хугацаа таван минутаар хоцорсон бол өнөөдөр хорвоо дээр нэгэн бяцхан зүрх дахин цохилохгүй болох байжээ.
Тээврийн цагдаагийн албаныхан эмнэлэг хүрэх замын бүх гэрлийг ногоон болгож, хурдан зорчих боломжоор хангаж өгсний үндсэнд охин өнөөдөр аав ээжийнхээ хажууд байна. Бяцхан охиныг аав ээжтэйгээ үлдэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн Д.Амарсайхан даргатай Тээврийн цагдаагийн албаны хамт олонд охины ар гэрийнхэн мөн талархал илэрхийлсэн юм.
Хүний амь насыг аврахад нэг ч хором багадахгүй гэдгийг дээрх удаагийн жишээ харуулж байна. Тиймээс жолооч та бүхэн түргэний машинд заавал зам тавьж өгч байгаарай.