• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

"Машиных нь дугуйг сольж өгөхөд тэр эмэгтэй их баярласан"

2020-01-03

Эх сурвалж:www.news.mn

Идэр есийн хүйтэн хасах 28 градуст, зуны аагим халуун нэмэх 28 градуст зогсоо зайгүй сүлжилдэх машинуудын дунд тоос шороо, дуу чимээнд нэг газраа хэдэн цаг тэсвэртэй зогсч чаддаг хүмүүс  бол Замын цагдаа нар юм. Тэдэнд  ажил үүргээ гүйцэтгэхэд  өвлийн хахир хүйтэн, зуны халуун нар, хаврын хавсарга салхи, шороон шуурга, аадар бороо байгалийн ямар ч үзэгдэл саад болно гэж үгүй. Ард иргэдийнхээ амгалан тайван байдал, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийн тулд бүхий л зүрх сэтгэлээ зориулж явахад ууртай ширүүн жолооч нарт аль муугаараа дуудуулж, “Муу сайн цагдаа нар” хэмээн чичлүүлж, тэр ч байтугай эрүүл мэндээрээ хохирдог тэд жирийн л нэгэн төрийн албан хаагчид билээ.  Тэдний төлөөлөл бол Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагч, цагдаагийн ахлах  ахлагч Д.Цэрэнбаатар юм. Түүний хувьд арванхоёрдугаар сарын 30-ны өдөр машиных нь дугуй нь хагарсан эмэгтэй жолоочид тусалж  дугуйг нь сольж өгснөөр “Paparazzi+Traffic Mongolia” группийн гишүүдийн талархлыг хүлээгээд буй. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.


Шинэ оны мэнд. Арванхоёрдугаар сарын 30-ны өдөр  таны тусалсан эмэгтэй жолооч машины дугуй сольж байх зуур  араас  тань   зураг дарж  “Paparazzi+Traffic Mongolia” группт нийтэлснээр олон хүмүүс талархалтай хандаж байсан. Тэр өдөр чухам юу болов?

Баярлалаа. News.mn сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Тухайн өдөр 12.00 цагийн үед алба үүргээ гүйцэтгээд багшийн дээдийн уулзвар дээр зогсч байлаа. Тэгсэн замын баруун талд нэг Приус машин ирээд аваараа татаад зогслоо. Эхлээд машин нь эвдэрсэн юм болов уу гэж бодсон л доо. Гэхдээ зарим жолооч нар аваараа татчихаад хүн буулгаж, суулгаад байдаг учраас шалгахаар очсон юм. Эмэгтэй жолооч бууж  ирээд  машинаа эргэж тойрч хараад урд талынх нь дугуй хагарсан гэдгээ хэлсэн. Ямар эмэгтэй хүнийг замын хажууд ганцааранг нь зогсоогоод байлтай биш.Запас дугуй байгаа юу гэсэн чинь байгаа гэхээр нь тээшнээс нь гаргаад дугуйг нь  сольж өгсөн. Солих явцад данхраад нь зэврээд ажилладаггүй. Тэгэхээр нь өөрийнхөө машины данхраадыг авчруулж байж дугуйг нь сольж өгсөн дөө.

Харин дугуй сольж байхад миний араас зураг дараад  “Paparazzi+Traffic Mongolia” группт талархлын постын хамт оруулсан байсан. Миний хувьд ажил үүргийнхээ дагуу л тэр эмэгтэйд тусалсан төдий.  

Надтай хамт ажиллаж  байсан цагдаа  миний оронд уулзвар гарцыг зохицуулах зуур  би тухайн эмэгтэйн машиных нь дугуйг нь сольж өгөөд л явуулсан даа. Өнгөрсөн 2018 онд эхнэрээ төрүүлэхээр эмнэлэг рүү яарч байгаа залууг  хурдан явуулахын тулд замын хөдөлгөөнийг түр  хааж байгаад машиныг нь явуулж өгсөн чинь нөхөр нь баярлалаа гээд бөөн баяр болж билээ. 

-Ингэхэд та оноо  гэрийнхэнтэйгээ гаргаж амжсан уу. Эсхүл ажиллаж таарав уу?

Ер нь шинэ он гарсны дараа л гэртээ очдог доо. Тэгээд л баярладаг.  31-ны өдөр бүх хүн баярлаад явж байхад би ажиллаж байна гэж бодохоор  эхэндээ хэцүү байсан ч одоо бол замын хөдөлгөөнийг зохицуулж байх нь миний баяр болчхож дээ. /инээв/

Биднийг зам дээр зогсч байхад хүүхдүүд гүйгээд ирнэ. Нэг чихэр, жимс бариад  цагдаа ахаа шинэ оны мэнд гээд хүрээд ирдэг.  Ээж, аав нь цагдаа ахдаа өгчих гээд явуулдаг юм шиг байгаа юм. Тиймэрхүү тохиолдлууд их ээ.

Та нарынхаа хүчээр сайхан баярлалаа гээд урмын үг бас их хэлдэг шүү. Тэр бүрт их баярладаг. Хүн урмаар тэтгэгддэг гэдэг үнэхээр үнэн үг шиг санагддаг. 

 Та анх цагдаагийн байгууллагад хэзээ орж байсан тухай болон яагаад энэхүү мэргэжлийг сонгох болсон тухайгаа сонирхуулаач?

Би өмнө нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн хэлтэст арван жил ажилласан. Сүүлийн хоёр жил Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэст ажиллаж байна. Би бол удам дагасан цагдаагийн алба хаагч. Манай аавын ах нь ажилтан. Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгчээр ажилладаг байсан юм. Тэр ах маань намайг анх цагдаа болооч гэхэд би саналыг нь дуртайяа хүлээж авсан.

– Цагдаагийн тангараг өргөх үеийн торгон мэдрэмжээсээ хуваалцаач. Ингээд би эх орон, ард түмнийхээ өмнө тангараг өргөсөн цагдаа боллоо гэж бодоход ямар мэдрэмж төрж байсан бэ?

-Ер нь бол олон аавын эрстэй нэг мөр зэрэгцэн тангараг өргөнө гэдэг маш сайхан мэдрэмж. Хэдийгээр  12 жилийн өмнө  цагдаагийн тангараг өргөсөн ч  гэсэн дөнгөж саяхан мэт л тодхон санагдаж байна  даа.Тухайн үед үнэхээр уйлчихмаар ч юм шиг,  дээшээ огшсон үгээр хэлэмгүй мэдрэмж төрж байлаа. Яагаад өмнө нь ийм мэдрэмж төрж байгаагүй юм бол гэж их гайхсан шүү.

 -Замын цагдаа өглөө, оройдоо өвөл, зуны алинд ч зам дээр зогсож зохицуулалт хийдэг. Миний хувьд маш хүнд ажил гэж боддог. Мэдээж өнгөрсөн хугацаанд  шантрах үе гарч байсан байх. Тэр үед өөрийгөө хэрхэн зоригжуулдаг байв?

-Шантрах үе байлгүй яах вэ. Эхний 1-2 жил би яагаад цагдаа болчхов ямар мэргэжил сонгочхов доо гэж халшрах, эргэлзэх  үе байсан. Харин одоо бол мэргэжлээрээ бахархдаг. Цагдаа тэр дундаа замын цагдааг хэр баргийн аавын хүү хийж чадах ажил биш. Хүмүүс  биднийг харахдаа   их л амархан  ажил хийдэг гэж боддог юм шиг байгаа юм. Харин  “school police”-ууд өглөө бидэнтэй адилхан цагт зам дээр  зогсдог учраас “Та нарын мэргэжлийн онцлогийг  илүү ойлгож мэдэрч байна. Хүйтэнд ямар их хатуужил тэвчээртэй зогсдог юм бэ? Бид нар хоёрхон цаг зогсоход л даараад хөлдөх шахдаг. Энэ бол үнэхээр тэсвэр тэвчээр шаардсан ажил байна” гэж хэлж байсан удаатай. 

ТЭД ӨӨРИЙН ТӨЛӨВШИЛ, АРГА БАРИЛТАЙ Ч “МОНГОЛЫН ЦАГДАА” ГЭСЭН НЭГ ТЭРГҮҮНТЭЙ

Хүмүүс замын цагдаагийн тухай сөрөг бодолтой байх юм. Магадгүй та бүхний үйлдэл, үг, үйл ажиллагаа олны нүдэнд ил болохоор тэр байх. Сайн, муу, сайхан, муухай ааш, авиртай олон зуун жолооч нарын арга, эвийг хэрхэн олж харьцаж байна даа?  

-Өргөсөн тангарагтаа үнэнч байж, иргэдтэйгээ зөв боловсон харилцаж, хүлээцтэй хандан цагдаагийн албаныхаа нэр хүндийг өргөж явахыг эрхэмлэдэг. Энэ албанд өсөж, төрсөн, сурч, хүмүүжсэн орчин нь ижилгүй олон аавын хүүхдүүд ажилладаг. Тэд өөрийн төлөвшил, арга барилтай ч “Монголын цагдаа” гэсэн нэг тэргүүнтэй. Тиймээс энэ нэрээ хичээж, өргөн учиртай гэж боддог доо. Бидний ажил бол хэн нэгний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахын төлөө, түүнийг аливаа аюулаас сэргийлэхийн тулд хуулийн дагуу хийж буй үйл ажиллагаа.

Өнөөдөр та согтуугаар жолоо барьж яваад хэн нэгэн цагдаад баригдаад торгуулсан бол азтай юм. Дахиад жаахан давхисан бол үхэл таныг хүлээж байсан ч юм бил үү, бодох хэрэгтэй шүү дээ.

Өдөрт олон янзын ааш, араншинтай хүнтэй харьцдаг. Тэднийг хараад, замын хөдөлгөөнд бүсээ зүүж оролцох нь, хүүхдээ зориулалтын суудалд зөв тээвэрлэх нь, дүрэм зөрчихгүй, хурд хэтрүүлэхгүй байх нь өөрийгөө хайрлаж байгаа нэг хэлбэр гээд ойлгочихвол, аливаа зүйлийг эерэг талаас нь эхлээд харчихвал болчих юм шиг санагддаг. Бас хүлээцтэй байх. Хэн нэгний амь, амьдралыг аврах гээд яарч яваа түргэн, гал, цагдаагийн машинд зам өгөх ухамсартай байх хэрэгтэй.

 -Жолооч нарын хувьд хамгийн их гаргадаг нийтлэг зөрчил ямар зөрчилүүд байдаг вэ?

-Жолооч нар ихэвчлэн гэрлэн дохио анзаарсангүй, эсхүл яарч явж байна  гэх тайлбар хэлдэг. Зөрчил гаргаж байгаа жолооч нарыг араас нь дагаж орж байгаа жолоочид их байдаг.  Гэрлэн дохио, эгнээ байр гэхчлэн зүйлийг анзаардаггүй юм шиг байгаа юм. 

 Зөрчил гаргасан эхний машиныг зогсоогоод давхар  арынх нь машины жолоочоос та яагаад зөрчил гаргаад байна вэ гэрлэн дохио зөрчсөн байна гэхээр зэрэг “Урд талын машинаа хараад л орчихлоо ” гэдэг.

Нэг үеээ бодвол жолооч нарын ухамсар дээшилсэн. Зам тээврийн осол гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч буруугаа хүлээдэг болсон. Жолооч нар "Надаас болж ийм зүйл боллоо"  гэдгээ мэддэг болсон.  Мэдээж жолооч нар санаатай осол гаргана гэж байхгүй. Санамсаргүй хэнэггүй, болгоомжгүй байдлаас болж осол гарах нь элбэг. Жолооч нар дүрмээ ягштал баримтлан анхаарал болгоомжтой, биенээ хүндэтгэн замын хөдөлгөөн оролцвол осол аваар гарахгүй, жолооч нар торгуулах асуудалгүй шүү дээ.

-Аливаа болзошгүй аваар ослоос урьдчилан сэргийлж намайг торголоо гэж боддог хүн бараг байхгүй байх?

– Жолооч нарыг зөрчил гаргаад ямар нэгэн аваар осол гаргах вий гэсэндээ сануулж торгууль бичдэг. Гэвч жолооч нар “Муу цагдаа нар дандаа л торгож байна" гэдэг. Бид торгож байгаа нь үнэн боловч торгуулийн мөнгө улсын төсөвт ордог. Бид нэг ч төгрөгийг өөрсдийн халаасандаа хийдэггүй шүү дээ.

Манай зарим нэг найз нар болон "Эрийн муу цагдаа, Эмийн муу сувилагч" гэдэг.  Гэтэл энэ хүмүүст чинь өвчин зовлон тохиолдож, шаналж байхад хэн таныг асарч сувилдаг юм. Зодоон цохион, осол аваар гарахад хамгийн түрүүнд цагдаа гэдэг байж яагаад ингэж хэлдгийг нь ойлгодоггүй юм.

Олны дотор сайнтай муутай зөндөө л хүн байгаа.  Ганц нэг хүний гаргасан ааш зангаар бүхэл бүтэн цагдаагийн байгууллага, тасгийг тэр чигээр нь хамааруулж хэлж байгаад гайхдаг.

-Нийгэмд цагдаагийн албан хаагчдыг торгууль их тавьсанаар нь урамшуулдаг гэх явган яриа байдаг шүү дээ. Үүнд хариулт өгвөл?

– Тийм зүйл байхгүй ээ. Их торгууль тавилаа гээд миний цалин нэмэгдсэн зүйл алга байна. Ер нь хүмүүс торгуулийг бидний халаасанд ордог гэж боддог. Торгож байгаа нь бид болохоос биш тэр мөнгө бүгд улсын төсөвт ордог. Зарим нь миний татвараар цалинжиж байгаа муу цагдаа гэдэг. Би ч бас ялгаагүй татвар төлдөг хүн шүү дээ.