• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ОРОН НУТГИЙН ЗАМД АШИГЛАГДАХ, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРТГЭЛ, ХЯНАЛТ, МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2019-10-14
ОРОН НУТГИЙН ЗАМД АШИГЛАГДАХ, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРТГЭЛ, ХЯНАЛТ, МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Оюу толгой, Mobicom, Оргил Дельта Трейд ХХК хамтран зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор  Дорноговь аймгийн Замын-Үүд сум Говьсүмбэр  аймгийн Сүмбэр сумуудыг холбосон анхны дундаж хурдыг хэмжих, зөрчил илрүүлэх, дугаар бүртгэх хүчин чадал бүхий хяналтын камерын системийн үйл ажиллагаа ашиглалтад орж, нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Нээлтийн үйл ажиллагааг Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан нээж, хэлсэн үгэндээ:

Манай улсад жил бүр 1200 орчим зам тээврийн гэмт хэрэг үйлдэгдэж, 500 гаруй хүн  амь насаа алдаж, 1200 гаруй хүн хүнд буюу хүндэвтэр хэлбэрээр гэмтэж, бэртэж байгаа ба дээрх зам тээврийн ослын 60 орчим хувь нь бидний нэрлэж заншсанаар “хот хоорондын” буюу олон улсын болон улсын чанартай хатуу хучилттай авто зам дээр үйлдэгдэж байна.

Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийж үзэхэд тээврийн хэрэгслийг хэтэрхий олон цагаар буюу хэт ядарсан үедээ, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, Замын хөдөлгөөний дүрмээр зөвшөөрөгдсөн дээд хурдыг хэтрүүлэх, хяналтын үзлэг оношлогоо, татвар даатгалд хамрагдаагүй, бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, мөн хамгаалах бүс хэрэглэхгүй, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчдөг зэрэг нь дээрх ихээхэн хэмжээний хохиролтой гэмт хэрэг, зам тээврийн осол үйлдэгдэх үндсэн шалтгаан болдог.

Ингээд манай улсын хувьд анхдагч гэж хэлж болох нэгдсэн хяналтын системийн эх загварыг бүтээн байгуулахад хүч хөрөнгө, ур ухаанаа дайчлан бидэнтэй хамтран ажилласан “Оюутолгой”, “Оргил Дельта Трейд” ХХК болон Говьсүмбэр, Дорноговь аймгуудын Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бусад байгууллагын төлөөлөл Та бүхэнд цагдаагийн байгууллагын албан хаагчдын нэрийн өмнөөс болон хувиасаа баярласан, талархснаа илэрхийлж, цаашдынх нь ажил, хөдөлмөр өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.

Бидний хамтын ажиллагаа цаашид улам өргөжин тэлж, Монгол хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг гэмт халдлага, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажилд бодитой хувь нэмэр оруулж ажиллах болно гэдэг бид огт эргэлзэхгүй байна.

Та бүхний Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай.