• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНД СҮҮЛИЙН ҮЕИЙН, СТАНДАРТАД НИЙЦСЭН 27 ШИРХЭГ ХУРД ХЭМЖИГЧ БАГАЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2018-08-24
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНД СҮҮЛИЙН ҮЕИЙН, СТАНДАРТАД НИЙЦСЭН 27 ШИРХЭГ ХУРД ХЭМЖИГЧ БАГАЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

      Зам тээврийн осол, хэргийн шалтгаан дундаас хамгийн их хор хохирол дагуулдаг, тэргүүүлэх шалтгааны нэг бол хурд хэтрүүлэх зөрчил юм. Энэ төрлийн осол, хэргийг бууруулах, алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах, хяналт шалгалтыг үр дүнтэй зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газарт 27 ширхэг зөөврийн хурд хэмжигч гардууллаа.

       Уг арга хэмжээнд  Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд нар Тээврийн цагдаагийн алба, мөн албаны Замын цагдаагийн газрын удирдлагууд оролцсон бөгөөд Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд хэлэхдээ “Цагдаагийн байгууллагаас зам тээврийн осол хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой төрлийн ажил, арга хэмжээг хэрэгжүүлж ажиллаж байгаа. Энэ арга хэмжээний хүрээнд Монголын цагдаагийн байгууллагад орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх ажил үе шаттайгаар хэрэгжиж явж байна. Үүний нэгэн жишээ болж өнөөдөр 2018 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор БНСУ-д үйлдвэрлэгдсэн Ком лазер маркийн зөөврийн хурд хэмжигч багаж 27 ширхэгийг тус газарт хүлээлгэн өгч байна. Мөн бид ХБНГУ-д үйлдвэрлэсэн сүүлийн үеийн драйгер буюу согтуурал хэмжигч багажийг хэвлэгчийн хамт худалдан авч бэлтгэн нийлүүлэхээр ажиллаж байна. Энэ хурд хэмжигчийг үйл ажиллагаандаа хэрэглэснээр улсын болон орон нутгийн чанартай автозамуудад хурд хэтрүүлснээс үүдэлтэй осол, хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой юм. Түүнчлэн энэ жил орон нутгийн замуудад 27 ширхэг байнгын постыг байгуулах бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгааг онцлон хэлье” хэмээв.

     Ком лазер HP110 маркийн зөөврийн хурд хэмжигч нь 100 мянган тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн зөрчлийг өөр дээрээ хадгалах багтаамжтай, гараар барих болон суурин байдлаар хэрэглэх боломжтой, GPS системтэй бөгөөд бүх хурд хэмжигч багажийг Монгол улсын Стандарт хэмжил зүйн газраас баталгаажуулсан байгаа.  Цаашлаад технологийн шийдлээр тухайн хурд хэмжигч багажийг удирдлагын төвтэй шууд холбох системтэй холбох ажил хийгдэх юм.