Хошууч генерал Б.Пүрэв: Нийгмийн хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн замын хөдөлгөөний хууль, дүрэмд түргэн шуурхай нэмэлт, өөрчлөлт оруулж байх нь зүйтэй
Замын цагдаагийн албанаас тавьсан хүсэлтийн дагуу өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын даргаар 1990-1996 онд ажиллаж байсан Монгол улсын гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, хошууч генерал, Б.Пүрэв алба хаагчидтай уулзалт хийлээ.
Тэрээр “Цагдаагийн байгууллагын ажил нь нийгмийн дандаа сүүдэртэй талд нь явдаг хүнд ажил. Гэхдээ их хийморьтой, цог золбоотой, эр хүн хийвэл хийсэн шиг хийх ёстой сайхан ажил шүү дээ. Хийморьтой сайн эр хүн цагдаагийн ажил хийхээрээ гялалзтал сайн явдаг юм. Хааяа нэг унжгар, эсхүл муу эр дайнд хөөрнө гэгчийн хүмүүс орохоороо цагдаагийн нэрийг баллачихдаг юм. Тийм хүн нь аз болоход тун цөөхөн юм даа.
Сүүлийн жилүүдэд тээврийн хэрэгсэл, жолооч иргэдийн тоо эрс нэмэгдэж, хөдөлгөөний аюулгүй байдал, ачаалалд ихээхэн нөлөө үзүүлж байгаа энэ үед алба хаагчдын ажлын ачааллыг бууруулах, албандаа хандах сэтгэл ханамжийг судалж, дүгнэх хэрэгтэй.
Түүнчлэн үйл ажиллагаандаа олон нийтийн итгэл, дэмжлэгийг авах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахааргүй насжилттай тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахыг хориглох, мөн алба хаагчид замын хөдөлгөөний түгжрэл сааталтай ноцолдохоос илүүтэй зөрчил гаргагчтай хатуу тэмцэх шаардлагатай, нийгмийн хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн замын хөдөлгөөний хууль, дүрэмд түргэн шуурхай нэмэлт, өөрчлөлт оруулж байх нь зүйтэй зэргээр санал бодлоо илэрхийлж, өөрийн туршлагаасаа алба хаагчидтай хуваалцав.
Цаг гарган бидэнтэй үнэтэй туршлагаасаа хуваалцсан Монгол улсын гавьяат хуульч, хошууч генерал Б.Пүрэв танд талархал илэрхийлж, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.