БЭЛЭН БУС ХЭЛБЭРЭЭР ТОРГУУЛЬ ОНОГДУУЛАХ ЖУРАМ /ХЗДХС-ын 2018 оны А/33 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсон/
МОНГОЛ УЛСЫН
ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ
2015 оны 08 дугаар Улаанбаатар
сарын 28 -ны өдөр Дугаар А/188 хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:
1.“Бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах журам”-ыг нэгдүгээр, “Зөрчилд оногдуулсан торгуулийн мэдэгдэх хуудас”-ны загварыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар /тэргүүн комиссар Р.Чингис/-т, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Үнэнбат/-т тус тус даалгасугай.
3.Энэхүү журмыг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
САЙД Д.ДОРЛИГЖАВ
Хууль зүйн сайдын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/188 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
БЭЛЭН БУС ХЭЛБЭРЭЭР ТОРГУУЛЬ ОНОГДУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмын зорилго нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн зөрчлийг шалган шийдвэрлэхэд торгуулийг бэлэн бусаар оногдуулах, шийдвэрийг биелүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. /ХЗДХС-ын 2018 оны А/33 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/
1.2.Торгох шийтгэлийг хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтан оногдуулна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг хөтлөх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтан нь торгох шийдвэрийн биелэлтийг хангах үүрэг хүлээнэ.
1.3.Бэлэн бус торгуулийн мэдээллийн сан /Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10.1.5-д заасан/ нь тээврийн хэрэгслийн болон жолоочийн бүртгэл, мэдээллийн сан, банк төлбөрийн байгууллагатай уялдаж, харилцан мэдээлэл солилцох боломжоор хангагдсан байна.
1.4.Бэлэн бус хэлбэрээр оногдуулсан торгуулийн мөнгийг тухайн орон нутгийн төрийн сангийн холбогдох дансанд тушаана.
1.5.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд /цаашид “Зөрчил гаргагч” гэх/-д Засгийн газрын 2017 оны 194 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Шийтгэлийн хуудасны маягт”-ын дагуу торгох шийтгэл оногдуулна. ХЗДХС-ын 2018 оны А/33 дугаар тушаалаар нэмэлт орсныг тусгав/
Хоёр.Бэлэн бус хэлбэрээр торгууль ногдуулах
2.1.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль, дүрэм, журам зөрчсөн этгээдэд бэлэн бус торгууль оногдуулахад энэ журмын 1.2-т заасан нэгдсэн цахим системийг ашиглаж, зөрчил гаргасан этгээдийн талаар зохих мэдээллийг авах, гаргасан зөрчил, оногдуулсан шийтгэлийг бүртгэх, баримтжуулах, шийдвэрийг хэвлэж өгөх, цахим мэдээллийн хэрэгслээр мэдэгдэх, тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хаягаар хүргүүлэх, биелэлтийг хянах нөхцлийг бүрдүүлсэн программ хангамж, төхөөрөмжийг хэрэглэнэ.
2.2.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчлийг илрүүлэх, шийдвэрлэхдээ дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
2.2.1.зөрчил үйлдсэнийг стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр баримтжуулсан тохиолдолд “Торгуулийн мэдэгдэх хуудас”-ыг “Шийтгэлийн хуудас” /маягт 2/-ын хамт харилцаа холбооны хэрэгсэл ашиглан зөрчил гаргагчийн хаягаар хүргүүлэх; ХЗДХС-ын 2018 оны А/33 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/
2.2.2.шалгах төхөөрөмжөөр оногдуулсан торгох шийтгэлийн хуудсыг зөрчил гаргагчид шийдвэрлэсэн даруй хэвлэж өгөх; /ХЗДХС-ын 2018 оны А/33 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/
2.2.3.шалгах төхөөрөмж, стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмж байхгүй үед нотлох баримтыг үндэслэн шийтгэлийн хуудас бичиж, торгуулийг холбогдох дансанд тушаалгана. /ХЗДХС-ын 2018 оны А/33 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/
2.3.Эзэмшигчийн хаягаар хүргүүлэх торгуулийн мэдэгдэх хуудсанд гаргасан зөрчлийг баримтжуулсан зургийг оруулан хэвлэх бөгөөд дараах мэдээллийг агуулсан байна: /ХЗДХС-ын 2018 оны А/33 дугаар тушаалаар "өнгөтөөр" гэсэн үгийг хассан/
2.3.1.мэдэгдэх хуудас бичигдсэн огноо, бүртгэлийн дугаар /бар код/;
2.3.2.зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн эзэмшигчийн мэдээлэл, гаргасан зөрчлийн утга, зөрчигдсөн хууль, тогтоомжийн заалт;
2.3.3.зөрчил үйлдсэнийг баримтжуулсан зураг; ХЗДХС-ын 2018 оны А/33 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/
2.3.4.зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн өнгө, марк, улсын бүртгэлийн дугаар;
2.3.5.зөрчил гаргагчийн тээврийн хэрэгслийн зураг; ХЗДХС-ын 2018 оны А/33 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/
2.3.6.холбогдох мэдээлэл /торгууль төлөх дансны дугаар, төлөх хугацаа, лавлах утасны дугаар, веб сайт гэх мэт/;
/2.3.7 дахь хэсгийг ХЗДХС-ын 2018 оны А/33 дугаар тушаалаар хассан/
2.4.Торгуулийн мэдэгдэх хуудсанд торгуулийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тусгаж, тухайн шийдвэрт гомдол гаргах эрхийг дурдсан байна.
2.5.Цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтны зөрчилд оногдуулсан торгох шийдвэр нь замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжид бүртгэгдсэн зөрчилд оногдуулсан шийдвэртэй давхцахгүй байна.
2.6.Торгох шийдвэрт гомдол гаргах журам, торгууль төлөх заавар, жолоочийн зөрчлийн оноо, торгууль төлөгдсөн эсэх талаарх мэдээллийг иргэдэд хүргэх /цахим хуудас, ухаалаг утсанд зориулсан мэдээллийн сан, мессеж үйлчилгээ, лавлах утас, мэдээллийн бусад хэлбэрээр/ боломжийг бүрдүүлсэн байна.
2.7.Цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан торгох шийтгэл оногдуулсан тохиолдолд жолоочийн жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураахыг хориглоно.
Гурав. Торгох шийдвэрт гомдол гаргах
3.1.Зөрчил гаргасан этгээд торгох шийдвэрийг эс зөвшөөрвөл холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу гомдол гаргах эрхтэй.
3.2.Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь холбогдох хуульд заасны дагуу гомдлыг хүлээн авч шийдвэрлэн, хариуг мэдэгдэх үүрэгтэй.
3.3.Зөрчил гаргач нь энэ зүйлийн 3.2-т заасны дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй./ХЗДХС-ын 2018 оны А/33 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/
Дөрөв. Торгох шийдвэрийг биелүүлэх
4.1.Зөрчил гаргасан этгээд нь оногдуулсан торгуулийг 15 хоногийн дотор мэдэгдэх хуудсанд заасан тухайн дансанд төлөх үүрэгтэй.
4.2.Торгуулийг тогтоосон хугацаанд төлөөгүй зөрчлийг холбогдох хуульд заасны дагуу тухайн тээврийн хэрэгслийг Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд зарлан мэдээлж, тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч буюу жолоочоос шүүхийн тогтоол гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулна.
4.3.Энэ журмын 4.2-т заасны дагуу албадан гаргуулах тохиолдолд Цагдаагийн байгууллага тухайн жолоочийн оршин суугаа хаягийн дагуу харъяалах шүүхэд холбогдох материалыг албан бичгээр хүргүүлнэ.
4.4.Тээврийн хэрэгслийг бүртгэх, оношлогоо, татвар, даатгалд хамруулах, жолоочийн үнэмлэх олгох зэрэг төрийн үйлчилгээ үзүүлэх байгууллагууд зөрчлийн тухай хуулийн дагуу оногдуулсан бэлэн бус торгуулийг төлөхийг шаардаж, хэрэгжилтийг хангуулна./ХЗДХС-ын 2018 оны А/33 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/
Тав. Мэдээллийн сан
5.1.Бэлэн бус торгуулийг бүртгэлжүүлэх, хуулийн дагуу ногдуулсан торгох шийдвэрийн биелэлтийг хангуулах, жолоочийн зөрчлийн оноо тооцох боломжийг бүрдүүлсэн мэдээллийн сантай байна.
5.2.Иргэд тээврийн хэрэгслийн улсын дугаар болон жолоочийн үнэмлэхний дугаараар өөрт холбогдох мэдээллийг авах боломжоор хангагдсан байна.
5.3.Санд дараах мэдээллийг бүртгэнэ. Үүнд:
5.3.1.замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой зөрчил;
5.3.2.торгуулийг заагдсан хугацаанд төлсөн эсэх бүртгэл;
5.3.3.жолоочийн зөрчлийн онооны бүртгэл;
5.3.4.зам тээврийн осол, хэргийн бүртгэл;
5.3.5.бусад.
5.4.Мэдээллийн сангийн баяжилт, нууцлалыг цагдаагийн байгууллага хариуцаж ажиллах бөгөөд торгуулийн мэдэгдэх хуудсыг эзэмшигчийн хаягаар хүргүүлэх ажлыг шуудан, харилцаа холбооны байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж болно.
Зургаа. Торгох шийдвэрийг бүртгэлээс хасах
6.1.Дор дурдсан тохиолдолд зөрчлийн бүртгэлээс хасна. Үүнд:
6.1.1.торгох шийдвэрийг хүчингүй болгосон;
6.1.2.холбогдох хуульд заасан үндэслэлээр шийтгэлээс чөлөөлөгдөх нөхцөл байдал тогтоогдсон; /ХЗДХС-ын 2018 оны А/33 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/
6.1.3.зөрчил гаргасан этгээд нас барсан.
6.1.4.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 6-д заасны дагуу харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлсэн шийтгэлийн болон торгуулийн мэдэгдэх хуудсыг зөрчил гаргагч хүлээн аваагүйгээс хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол. /ХЗДХС-ын 2018 оны А/33 дугаар тушаалаар нэмэлт орсныг тусгав/
6.2.Торгуулийн мэдэгдэх хуудсыг бүртгэлээс хассан үндэслэл, шалтгаан, эрх бүхий этгээдийн шийдвэрийг бүрдүүлж, архивт хадгална.