ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ИРГЭН БҮР ГАР БИЕ ОРОЛЦОХЫГ УРИАЛЛАА
Хан-Уул дүүргээс өнөөдөр /2018.03.06/ “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ-ХАМТДАА ШИЙДЬЕ” анхдугаар зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.
Зөвлөгөөнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, МУ-д Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Л.Нямгэрэл, Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан зэрэг нийслэл болон холбогдох яам агентлагын төлөөлөл, Нийслэл дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчид, хороодын засаг дарга, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд судлаачдыг оролцуулан явагдлаа.
Уг зөвлөгөөн нь зам тээврийн хэрэг, осол, авто замын түгжрэл, замын зохион байгуулалт болон тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, төрийн захиргаа, үйлчилгээ, хууль сахиулах байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллахад чиглэгдсэн бөгөөд зөвлөгөөнд оролцсон байгууллагуудын хариуцлагатай үүрэг хүлээсэн удирдах ажилтан, мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач нарын хийсэн мэдээлэл, гаргасан санал, судалгаа, дүгнэлтийг үндэслэн “Зөвлөмж” боловсруулан, дүүргийн нутаг дэвсгэр дэх төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд олон нийтэд хүргүүлэв.
Зөвлөгөөнд оролцогчдоос “Бид бүхэн нэг ч гэлтгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг ХАМТДАА ШИЙДЭЖ чадвал хамтран ажилласны үр дүн гарах бөгөөд аюулгүй, амар тайван нөхцөлд амьдрах боломж бүрдэх юм” хэмэээн дээрх гарсан зөвлөмжийг иргэн бүр хэрэгжүүлж ажиллахыг уриаллаа.