• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

2018-01-23
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

Замын цагдаагийн албанаас санаачлан Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдал, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд онцгой анхаарч, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцон шийдвэр гаргах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах урт, богино хугацааны хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан батлуулж, хэрэгжүүлэх зорилгоор анх удаа нийслэлийн 6 дүүрэгт “Зөвлөгөөн” зохион байгуулахаар ажиллаж байна.  

 

Энэ үйл ажиллагааны эхлэл болгон өчигдөр /2018.01.22/ Сүхбаатар дүүргийн хэмжээнд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” зөвлөгөөнийг зохион байгууллаа.

 

Сая хол гарсан иргэнтэй, 800 гаруй мянган тээврийн хэрэгсэлтэй нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутгаар өдөрт 700-800 мянган хүн дамжин өнгөрч, 180 гаруй мянган тээврийн хэрэгсэл тогтмол хөдөлгөөнд оролцож байгаа бөгөөд бүхий л томоохон төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, сургууль, цэцэрлэгүүд үйл ажиллагаа явуулж байна. Иймдээ ч Сүхбаатар дүүргийн нутагт байрлах автозамуудын хөдөлгөөний ачаалал харьцангуй их байдаг байна.   

Зөвлөгөөнд тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, нийслэлийн төр захиргааны байгууллагын төлөөлөл, дүүргийн ГХУСАЗС зөвлөлийн гишүүд, дүүргийн удирдлага, Замын цагдаагийн алба, Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс болон бусад ТББ-ын төлөөлөл нар оролцсон юм.

 

Энэ үеэр “Нийслэлийн өнөөгийн нөхцөл байдал”-ын талаарх мэдээллийг Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч бөгөөд НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү танилцуулж, “Дүүргийн замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдал зам тээврийн осол, хэргийн гаралт, түүний шалтгаан нөхцөл”-ын талаар Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Отгонбаяр, 2018-2020 онд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр Сүхбаатар дүүргээс хийгдэх ажлын талаар Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж, “Дэлхий нийтэд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлж буй ажил” сэдвээр Замын аюулгүй байдлын үндэсний төв ТББ-ын тэргүүн, цагдаагийн бэлтгэл хурандаа О.Батжаргал болон Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын талаар дүүргийн ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Д.Азжаргал нар илтгэл танилцуулж хэлэлцэн, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэд Зөвлөл байгуулахаар боллоо.