• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

378 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

2018-01-17
378 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

Өнгөрсөн 24 хоногийн хугацаанд буюу 1 дүгээр сарын 16-ны өдөр Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 279 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 200 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд 5 хүн гэмтэж бэртсэн байна.

Тухайн өдөр нийслэл хотын гудамж замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийт 378 алба хаагч үүрэг гүйцэтгэсэн бөгөөд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, дүрэм журам зөрчсөн 3700 зөрчлийг илрүүлснээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 26 зөрчлийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллажээ.

Мөн алба хаагчдаас эрэн сурвалжлагдаж байсан нийт 7 тээврийн хэрэгслийг илрүүлж харъяа байгууллагуудад шилжүүлжээ. Хоногийн хугацаанд осол, хэргийн газрыг орхин явсан 2 осол бүртгэгдсэнийг алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж олж тогтоон хэргийг шалгаж байна.

Нийт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 4 осол, мөргөлдөх хэлбэрээр 6 осол тус тус бүртгэгдсэнийг ЗЦА-аас шалгаж байна.

Нийслэл хотын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурч байгаа хэдий ч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцож осолд өртөх явган зорчигч бүртгэгдсээр байна.

Тухайлбал: СХД-ийн нутаг Өнөр хорооллын зам, 11-р байрны хойд замд T.Pruis маркийн автомашины жолооч нь явган зорчигч О-г мөргөж гэмтээсэн бөгөөд явган зорчигч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон байна.

Иймд явган зорчигч та аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхгүй байх, өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.