• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

Б.ЛХАГВАСҮРЭН: МИНИЙ ДЭРГЭДҮҮР ӨНГӨРЧ БАЙГАА МАШИН БҮХЭН “ХҮН”, МИНИЙ УРД БАЙГАА БҮХЭН “БОЛГООМЖЛОЛ” ГЭДГИЙГ ЖОЛООЧ ХҮН БҮР БОДОХ ЁСТОЙ.

2018-01-11
Б.ЛХАГВАСҮРЭН: МИНИЙ ДЭРГЭДҮҮР ӨНГӨРЧ БАЙГАА МАШИН БҮХЭН “ХҮН”, МИНИЙ УРД БАЙГАА БҮХЭН “БОЛГООМЖЛОЛ” ГЭДГИЙГ ЖОЛООЧ ХҮН БҮР БОДОХ ЁСТОЙ.

-          Өнөөдрийн Нийслэл хотын замын хөдөлгөөн, жолооч, зорчигч нарын хөдөлгөөний соёлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-          Би “Зам” гэсэн ойлголтыг их өргөн хүрээтэй ойлгохыг хүсдэг. Зам бол гүн хүндэтгэл, сүсэг бишрэл юм. Замыг аргадах, хайрлах ёстой. Бидний энэ зорчиж буй автозам бол хүний амьдралын зан юм. Тиймээс ч хүмүүс замаар жишиж, амьдралын зам гэж ярих дуртай.

Зам ямагт амьд байдаг. Учир нь хүмүүс энэ л замаар нааш цааш зорчиж, сайн муу, баяр гуниг гээд хүний амьдрал бүхэлдээ зам дээгүүр өнгөрдөг шүү дээ.

Нийслэлийн замын хөдөлгөөнд оролцогчдыг харахад дур зорго л дэндүү давамгайлж байна. Явган зорчигчид өөрийнхөө дураар байхыг хүсдэг. Жолооч нар ч гэсэн ялгаагүй зоргоороо. Нэг эгнээнд явж байгаа жолооч нар бие биенийхээ урдуур орж, би л байх ёстой гэж явдагаас замбараагүйтдэг. Цонх болгоноор нэг толгой гарч ирээд тогтмол хэлдэг үгсээрээ бие бие рүүгээ хашгирч зүхээд байх нь “соёл”-оос гадуурын гадуур дур зорго, хэмжээгүй зүггүйтэл гэж бодож, хардаг.

Арав гаруй сая хүн амтай хотууд замын хөдөлгөөнөө зохицуулаад амьдарсаар л байна. Хүний олноос замбараагүйтэл бий болдог юм биш, хүмүүс өөрсдөө дураараа, зоргоороо байж, дүрмээрээ байдаггүйн улмаас замбараагүй байдал үүсч байгаа юм.

-          Таны бодлоор ингэж зоргоороо хөдөлгөөнд оролцдог байдлыг яавал таслан зогсоож, цэгцрэх вэ?

-          Хүн бүр ойлгох ёстой шүү дээ. Миний дэргэдүүр өнгөрч байгаа машин бүхэн хүн, миний урд байгаа бүхэн болгоомжлол гэдгийг жолооч хүн бодох ёстой. Мөн жолооч хүн сэтгэл санааны амар амгалан байдлыг маш нарийн баримтлаж, бүтэн нойртой, бүлээн сэтгэлтэй байж, санах, сэрэхүй нь огт дарамтгүйгээр хөдөлгөөнд оролцохыг хичээх хэрэгтэй юм. Ингэж л та өнөөдөр өөртөө болон бусдад аюул тарихгүйгээр хөдөлгөөнд оролцож чадна шүү дээ. Мөн жолооч болохдоо л шалгалт өгдөг. Харин түүний дараа дүрэм, журмаа гэрийн даалгавар шиг давтаад байдаггүй. Ойд тогтсон хэсэг нь үлдээд, дадаж заншсан дүэрм нь өөрсдөд нь байнга үйлчилдэг. Жолооч нар дахин дүрэм сэргээж харах, нэмэлт өөрчлөлтийг анзаарах нь дутмаг санагддаг юм.

 

-          Таны хувьд жолооч болоод хэр удамж байгаа вэ?

-          Би бага байхдаа усны тэрэг түрж ижийдээ ус дөхүүлж өгдөг байсан. Түүнээс хойш жолоочтой машинд сууж байснаас биш машиныг арван алхам ч хөдөлгөж үзээгүй хүн. Монголчууд мориороо гоёдог шиг сайхан машинаар гоёж болно. Санасан газар саадгүй хүргэдэг унааг сайн унаа гэж хэлдэгээс биш харсан болгоны нүдэнд өртөх унаа бол сайхан унаа биш. Монголчуудын заншил тийм юм. Монголчууд тийм дэмий юмаар бусдаас дээгүүр гарах гэж зүтгэдэг хүмүүс биш шүү дээ. Харамсалтай нь одоо бага зүйлээр бусдаас илүү  байхын тулд зүтгээдамьдраад байгаа юм. Би өөрөө машингүй болохоор атаархуу санагдаж магадгүй  юм. Гэхдээ Араб ардын “Авс, машин хоёрыг нэг өдөр зэрэг худалдаж авдаг” гэсэн айхавтар зүйр үг байдгийг санах хэрэгтэй.

-          Та замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт хандаж хэлэхсэн гэж бодож явдаг үг бий юу?

-          Хүн аян замд явахдаа хөсөг тэрэгнийхээ амар мэндийг, өөрийнхөө амь насыг болон очих газартаа түргэн хүрэх хүсэл, сонирхол зэрэг өөрийнхөө бүхий л зүйлийг замд даатгадаг. Тиймээс замтай харилцана гэдэг нь амьдралтайгаа харилцана гэсэн том ойлголт байх ёстой. Зам гэдэг хүндэтгэлтэй зүйл болж байгаа юм.

Дэлхий оршин тогтнож, хүний амьдрал үргэлжилж байгаагийн шалтгаан нь хөдөлгөөн байдаг. Болгоомжгүй ганц хөдөлгөөнөөс ч алдаж болох талтай. Хөдөлгөөнд оролцохдоо хүн бүр тодорхой тогтоосон хэмжээ, хууль дүрэмд захирагдаж, ёс суртахуунтай, соёлтойгоор оролцож байвал зам бүхэн урагшаа явна. Урагш явж байгаа хөдөлгөөнд оролцохдоо өөрөө саадгүй, бусдад саад учруулахгүй бие биеэ хүндлэн хайрлаж оролцох хэрэгтэй. Чи болон чиний өөдөөс ирж байгаа хүн та хоёр, хоёулааүнээй гэдгийг байнга бодох ёстой юм.