Огцом эргэлттэй болон өгсүүр, уруу замуудад "Гэрэлтэт товруу" байрлуулна
2017 оныг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Иргэдэд ойр, эрх зүйн үйлчилгээний жил” болгосонтой холбоотойгоор Хэнтий аймаг дахь Цагдаагийн газраас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль, эрх зүйн актын хүрээнд зам тээврийн осол, хэрэг, эрх зүйн зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажлыг эрчимжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг нэмэгдүүлэх, улсын болон орон нутгийн чанартай автозамд гарч буй зам тээврийн осол хэргийг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ард иргэдийн аюулгүй зорчих нөхцөл бололцоог хангах зорилгоор аймгийн Засаг дарга болон ГХУСАЗСЗ-өөс 9,7 сая төгрөгний өртөг бүхий автозамын техник, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэж хүлээлгэн өглөө.
Улсын болон орон нутгийн чанартай автозамуудын зорчих хэсгүүдэд гэрэлтүүлэг хангалтгүй учир шөнийн цагт гэрэлтдэг “Гэрэлт товруу”-г /катафот/ огцом эргэлттэй болон өгсүүр , уруу, даваатай хэсгүүдэд байрлуулахаар боллоо.
2017 оны эхний 11 сарын байдлаар бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийн судалгаанаас үзэхэд улсын болон орон нутгийн замд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 868 бүртгэгдсэний улмаас 368 хүний амь нас хохирч, 550 хүн хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртжээ.